
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт барилга барихаар төлөвлөж, суурийг нь ухаж эхэлжээ. Үүнд бухимдсан иргэд “Ардын хувьсгалын 101 жилээ хог шороон дээр биш, модны сүүдэрт зүлгэн дээр хийчихмээр байна”, “Нийтийн орон сууцаас найман метр ч хүрэхгүй газар барилгын ажил эхэлчих юм”, “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг минь зөрчиж байна” гэх зэргээр цахим орчинд шүүмжилж, 11-11 болон 1800-1200 дугаарт холбогдон гомдол хүргүүлэхийг уриалж байв.
Үүний дагуу албаны хүнээс тодруулахад “Сэндвичээр гурван метрийн өндөртэй барилга барихаар төлөвлөж байгаа. Энэ нь наадмын нээлтэд оролцох хүмүүсийн хувцас, техник, хэрэгслийг хийх зориулалттай агуулах” гэсэн тайлбар өгөв.
Тус газар өмнө нь тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаа байсан бөгөөд иргэдийн гомдлоор үйл ажиллагааг нь зогсоосон аж.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал