
Үндэсний урлагийн “Цагаан лавай” чуулга дотоод, гадаадын жуулчдад зориулсан тоглолтоо эхэлжээ. Байгуулагдаад таван жил болж буй, хувийн хэвшлийн тус хамт олон 40 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ардын урлагийн бүхий л төрлөөр үйлчилдэг. Эднийх жуулчдад ардын урлагийн тоглолт, музей, Гандантэгчэнлин хийд, Уран зургийн галерей гэсэн бүтэцтэй багц хөтөлбөр бүхий цогц үйлчилгээ санал болгож буй аж. Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Үндэсний түүхийн музей үүнд нэгдсэн байна. Соёл, урлагийн байгууллагууд нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжиж, ийнхүү харилцан ашигтай хамтарч ажиллах болсноор үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, цаг хэмнэсэн шийдэл болсон мэт. Тухайлбал, “Цагаан лавай” чуулгад тоглолт үзсэн хүн, олуул жуулчин ч тэр багц дахь бусад үзвэрийн тасалбарыг худалдаж авах боломжтой юм. Ийм тохиолдолд үнийн хөнгөлөлттэй.
Үндэсний урлагийн “Цагаан лавай” чуулгын дарга Ц.Цагаанхүүгээс хувийн чуулга байгуулаад, удирдаж ажиллахад хүндрэл бэрхшээл байгаа, эсэх талаар асуухад “Соёл, урлагийн салбарт 40 гаруй ажлын байр бий болгосных уран бүтээлчдээ ажлаар, цалингаар таслахгүйг хичээж ирлээ. Зах зээлээс хамаарч ажиллах үе байдаг. Цар тахлын үеийг давж чадлаа. Цаашид алзахгүй байх. Одоо эхлүүлж байгаа жуулчдад зориулсан тоглолтыг аялал жуулчлалын байгууллагууд нэлээд сонирхож байна” гэв.