
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БОАЖЯ, Хустайн байгалийн цогцолборт газар, Төв аймгийн БОАЖГ, “Баянсолонго” малчдын бүлэг хамтран зохион байгуулдаг уламжлалтай “Хонины найр” өдөрлөг ирэх сарын 30-нд болох тов гарчээ. Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг, “Баянсонгинот” малчдын хоршоонд болох тус өдөрлөгийн гол арга хэмжээ нь уламжлалт аргаар эсгий хийх юм. Ноос савах, зулах, бэлэн болсон эсгийг мориор чирэх гээд бүх үйл явцыг нарийвчлан үзүүлж, заадгаараа онцлог. Тэрчлэн энэ жил урлагийн тоглолт, цайны баяр, гар урлалын тэмцээн зохион байгуулж, жуулчдаар дээс нийтгүүлж, утас ээрүүлэн, нэхий элдүүлж, хонь холбуулахаар төлөвлөжээ. Ташрамд дурдахад, монгол ахуй, ёс заншлыг сурталчлах зорилготой “Баянсонгинот” малчдын бүлэгт 102 айл харьяалагддаг бөгөөд нэг өрх жилд дунджаар 100-200 жуулчин хүлээж авдаг гэнэ.