
Төгөлдөр хуурч, Консерваторын багш С.Одгэрэл энэ хавар ар араасаа болсон мэргэжлийн хөгжимчдийн тоглолтыг анзаарснаар үгийн утгыг тайлбарлажээ. Тэрбээр “Хэд хэдэн хөгжимчин бие даасан тоглолтоо “recital” хэмээн тодотгосон байлаа. Баруунд бол гоцлон хөгжимдөгч ганцаараа эхнээс нь дуустал тоглохыг ингэж хэлдэг. Сонгосон зохиолуудынхаа хэв маяг, агуулгаар тодорхой өгүүлэмж өгөхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, гоцлооч дангаараа 1-2 цаг хөгжимддөг гэсэн үг. Дундаа ихэвчлэн завсарлагатай байдаг. Харин манайд тоглолтоо ийнхүү тодотгосон атлаа зочин уран бүтээлч оруулах, хамтарч тоглох нь байв. Тэгэхээр утга алдагдаж байгаа юм. Бусадтай хамтрах бол гала тоглолтын хэв маяг болно шүү” гэж зөвлөлөө.