
Урин дулаан болж, амралт, аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Жил бүр зуны дэлгэр цагаар зам тээврийн осол нэмэгдэж, иргэд эрүүл мэнд, амиараа хохирдог. Хүний амь эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас санаачлан “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг өчигдрөөс эхлүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаалж улс даяар хөл хорихоос өмнөх жилүүдэд цагдаагийн байгууллагаас санаачлан “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш, дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аяныг үргэлжлүүлж буй нь энэ. Дээрх нөлөөллийн аянуудыг хэрэгжүүлэхээс өмнө жилд 500 гаруй хүн зам, тээврийн ослын улмаас амиа алдсан статистик бий. Өчигдөр эхэлсэн “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлтийн үеэр ТЦА-ныхан 2012- 2022 оны эхний таван сар хүртэлх хугацаанд амиа алдсан хүмүүсийн тоог улаан бөмбөлгөөр тэмдэглэж, осолд орсон автомашинуудтай харалдаа эгнүүлсэн байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд зам, тээврийн ослын улмаас 4593 хүн нас барж, 42 489 хүн гэмтсэн аж. Зөвхөн 2022 оны эхний таван сарын байдлаар зам, тээврийн ослоор нас барсан 195 хүнийг улаан, харин үлдсэн хугацаанд амиа алдаж болзошгүй гэж судлаач, шинжээч, мэргэжилтнүүдийн тооцоололд үндэслэсэн 250-350 орчим жолооч, зорчигчийг шар бөмбөлгөөр төлөөлүүлжээ. ТЦА-ныхан “Энэ шар бөмбөлгөөр төлөөлүүлсэн хүмүүсийн тоог бууруулах, цаашлаад тэднийг эрсдэлээс хамгаалах үүднээс “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг өрнүүлж байна. 2018- 2021 оны зам, тээврийн ослын нөхцөл байдалд харьцуулан дүн шинжилгээ хийж үзэхэд энэ оны зургаагаас есдүгээр сард 250-350 орчим хүний амь хохирч, 700-1500 хүн гэмтэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс нэг ч гэсэн хүнийг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ аянд иргэн бүрийн үүрэг хариуцлага, оролцоо чухал” хэмээсэн юм.

“2020, 2021 онд “Ковид-19”-ийн улмаас хөл хорьж, энэ төрлийн ослын улмаас амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүний тоо буурсан үзүүлэлттэй буй ч энэ жил хөл хориог цуцалснаар иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо орон нутагт амарч зугаалахаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Мөн хэд хэдэн аймаг, сумын тэгш ой, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ой тохиосон нь ч хөдөөг чиглэх зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх төлөвтэй. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагатай хамтран есдүгээр сарын 15 хүртэл энэ аяныг зохион байгуулж байна” гэж ТЦА-ны дарга, хурандаа О.Ганбат өгүүлсэн юм.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн хэлсэн ДЭМБ-аас гаргасан статистикаас үзвэл, Их Британи, Итали, БНСУ зэрэг оронд 100 000 хүн амд ногдох зам, тээврийн шалтгаант ослоос үүдэлтэй нас баралт 3-8 байдаг бол манай улсад 20-22 байгаа нь даруй гурав дахин өндөр үзүүлэлт юм.
Монголчууд бид аян замд явж ирсэн нэгнээ “Сайн явж ирэв үү” гэж мэндчилдэг. Хурдан явж ирэв үү гэж хэзээ ч асуудаггүй билээ. Тиймээс орон нутгийн замд гарч буй жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдэл зөв хийж, нойр дутуу, согтуугаар автомашин жолоодохгүй байх нь ослоос урьдчилан сэргийлнэ гэдгийг ямагт санаж, өөрийн болон гэр бүл, хайртай дотно хүмүүсийнхээ амь, эрүүл мэндийг хамгаалж чадах билээ.