
Техник, технологи, мэдээллийн гэгдэх энэ эринд харилцаа холбооны салбар асар хурдтай хөгжиж, үнэ цэн, ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байна. Гар утас ашигладаггүй, нийгмийн аль нэг сүлжээг өдөр тутам хэрэглэдэггүй хүн байхаа болив. Ажил, бизнес, амин хувийн аль ч харилцаанд гар утас чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Цаг үеийн энэ хэрэгцээ, шаардлагаас үүдээд улс орнууд цахим дэд бүтцээ сайжруулах, алслагдсан бүс нутгуудыг шилэн кабелийн сүлжээнд холбох чиглэлд анхаарч буй
Харин үүрэн холбооны компаниуд харилцаа холбооны салбарын дэвшилт технологи, давуу байдалд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох замаар хэрэглэгчдийг татахад ихээхэн анхаарч эхэлсэн. Тэд шинэлэг, түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэх болсон. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх чиглэлд ч анхаарч эхэлжээ.
Хүн бүхэн гар утас, цахим сүлжээгээр ажил, амьдралаа “зохицуулах” болсон энэ үед үүрэн холбооны компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчдэдээ хэрхэн “санаа тавьж” байна вэ. Орчны болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр юу хийв. Эдгээр асуултад хариулт авах зорилгоор “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жимобайл” компанид хандав. Тэдний гурав нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч тодорхой ажлууд хийж байгаагаа дурдлаа. Тухайлбал, “Мобиком” компани “Natural language processing” технологид суурилсан дуу хоолойгоор үйлчилдэг автомат хариулагчийн системийг энэ онд нэвтрүүлжээ. Ингэснээр үйлчлүүлэгчид 2222 тусгай дугаар луу залгаж мэдээлэл авах болон оператортой холбогдох үедээ ямар нэг тоо, тэмдэгт дарах шаардлагагүй болсон байна. Дарахыг хүссэн тоо, тэмдэгтээ өөрийн дуу хоолойгоор хэлэхэд л ухаалаг систем хариу үйлдэл үзүүлж, шаардлагатай мэдээллийг өгөх нь. Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилт технологийн ачаар харааны бэрхшээлтэй иргэд тус компанийн лавлах утаснаас шаардлагатай мэдээллээ төвөг чирэгдэлгүй авах боломж бүрджээ. “Жимобайл”-ын хувьд вэб хуудас болон аппликэйшндээ шинэчлэл, хөгжүүлэлт хийхээр төлөвлөж буй гэнэ. Үүний хүрээнд харааны болон сонсголын бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан цэс, функц бий болгохоор гадаадын орнуудаас туршлага судалж байгаа аж. Харин “Юнител”-ийнхэн туршлагаасаа хуваалцлаа.
“Юнител” компанийн Маркетингийн газрын менежер Ж.Нарантуяагаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүртээмжтэй болгож байгаа талаар дараах асуултуудад хариулт авлаа.
Ж.НАРАНТУЯА: СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛСЭН
-“Юнител” компани мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?
-Бид хараагүй хүмүүст зориулсан брайл үсэгтэй мэдээллийн брошур гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг сургуулиудыг тохижуулах, алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдийг дижитал шийдлийн тусламжтайгаар эрүүл мэндийн байгууллагатай холбож, эмчийн үзлэгт хамруулах, баяр ёслолоор бэлэг өгөх зэрэг ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол хийсээр ирсэн. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тэдэнд ойртуулахад, хэрэгцээнд нь нийцүүлэхэд анхаардаг. Хамгийн сүүлд Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төвтэй хамтран ажиллаж, “Unimusic” үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгосон. Сонсголын бэрхшээлтэй хүний утас руу залгасан тохиолдолд тухайн иргэний онцлог, нөхцөл байдлыг тайлбарласан дуут мессеж автоматаар явж, текстээр мэдээлэл илгээхийг хүссэн дохиог үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүлсэн. Тэрчлэн телевиз, гар утас ашиглах, тохиргоо хийхэд тус болох мэдээлэл, зааварчилгаа бүхий дүрс бичлэгийг монгол хадмал тайлбартай, зарим тохиолдолд дохионы хэлмэрчтэйгээр түгээдэг. Бид цаашид нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдээ өргөжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, эрх ашгийг нь хамгаалахад анхаарч ажиллана.
-Танайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад анхаардаг гэсэн. Өдгөө хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Манай компанид хөгжлийн бэрхшээлтэй 80 гаруй хүн үндсэн болон гэрээт ажилтнаар харьяалагддаг. Тэд ажлын байраар хангагдах боломжийг бусдын адил эдэлж, ажилтан шалгаруулах үйл явцыг даван туулж, мэргэжлийн ур чадвараараа өрсөлддөг. Тэд хэрэглэгчидтэй харилцдаг борлуулагч, үйлчилгээний ажилтнаас эхлээд техникийн инженер хүртэлх төрөл бүрийн албан тушаал хашиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй. Өөрийгөө сорьж, бусадтай эн зэрэгцэн ажиллахыг хүссэн хүн бүхэн сонгон шалгаруулалтад оролцож, ажлын байртай болох боломжтой. “Юнител” компани Ёс зүйн хороотой. Энэ хороо компанийн дотоод журмыг баталж, хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, ижил тэгш боломж олгох, хүндэтгэлтэй хандах, харилцах чиглэлийн сургалт, зөвлөгөөнийг байнга зохион байгуулдаг. Мөн Хараагүйчүүдийн бариа заслын төвийн үйл ажиллагааг дэмжих үүднээс ажилтнуудаа тэнд амрааж, стресс тайлах бариа заслын үйлчилгээнд хамруулдаг.
-Мэдээллийн хүртээмжийг сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “ойртуулах” чиглэлээр ямар бодлого баримталж буй бол?
-Манай компани мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм дэх ялгаатай байдлыг өөрчлөх зорилтыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ч, нийгмийн хариуцлагын төслүүддээ ч чухалчилдаг. Нэг хүнд туслаад, ганц удаагийн арга хэмжээг санхүүжүүлээд өнгөрөх бус, илүү урт хугацаанд хэрэгжүүлж, ул суурьтай өөрчлөлт авчрах ажлуудыг дэмжихэд анхаарч байна. “Юнител”-ийн Ёс зүйн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна байгаль орчин, нийгэм, түүх соёл, боловсролын чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж, тэдгээрийг тоон үзүүлэлт, баримтаар үнэлдэг. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнийгээ ирэх жилүүдэд олон нийтэд танилцуулна.