
МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Дэлхийн аялал жуулчлалын холбооноос тус салбарын сэргэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар судалжээ. Судалгаанд оролцогчдоос аялал жуулчлалын салбар энэ онд сэргэнэ гэж 43, ирэх жил 2019 оны түвшинд хүрнэ хэмээн 45 хувь нь хариулжээ. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутагт жуулчлалын идэвх арай хожуу сэргэх төлөвтэй байгаа аж. Гэхдээ цар тахлын нөхцөл “зөөлөрсөн” энэ үед манайд олон жуулчин ирэх боломж байсныг дээрх зөвлөлийн дарга Б.Барсболд онцоллоо. Тэрбээр “Монгол жуулчид ирэх сонирхолтой улсын нэг ч цөөнгүй шалтгааны улмаас тэдний тоо дорвитой ахихгүй юм. Тухайлбал, агаарын тээврийн зардал өндөр, зарим үйлчилгээний чанар муу, хүний нөөц цөөн, төрөөс бодлогын хүрээнд гадаад сурталчилгаа огт хийхгүй байна. Цар тахлын нөхцөлийн энэ жил гэхэд жуулчдад ямар шаардлага тавих, коронавирусээр халдварласан тохиолдолд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар холбогдох байгууллагаас нь мэдээлэл гаргасангүй. Тиймээс энэ зун манайд зочилж болох олон жуулчныг алдсан гэхэд болно” хэмээв.

Дээрх зөвлөлөөс аялал жуулчлалын салбарт SWOT шинжилгээ хийснээ танилцууллаа. Үүнд манайх байгалийн үзэсгэлэнт газар олонтой, экологийн цэвэр бүтээгдэхүүн санал болгодог, нүүдлийн соёл иргэншлээс гадна биет бус соёлын өв ихтэй, мөн тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх боломжтойг тэмдэглэжээ. Харин байгаль орчны доройтол нэмэгдсэн, аялал жуулчлалын салбарт ажиллах хүн цөөрсөн, аж ахуйн нэгжүүд санхүүгийн хямралд өртсөн, дэд бүтэц тааруу зэрэг сул тал бийг онцоллоо. Цаашид салбараа хөгжүүлэх, орлогоо өсгөхийн тулд төр, хувийн хэвшлийнхэн, орон нутгийн иргэд бүгд нэг цонхоор харах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь гадаад зах зээлд улс орноо сурталчлах, жуулчлал болон зочлох үйлчилгээтэй холбоотой зарим журам, зааврыг шинэчлэх нь чухал гэнэ. Сонирхуулахад, хамгийн сүүлийн судалгаа буюу 2019 оны байдлаар Монголд 88 000 гаруй хүн ажилладаг 1500 орчим жуулчны бааз, тур оператор, зочид буудал үйл ажиллагаа явуулж, гадаадаас барагцаалбал 577 000 зочин хүлээн авч, 607 сая ам.долларын орлого олжээ.