
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн шүүгчид Н.Баярмаа, Д.Батбаатар нарыг нэр дэвшүүлэн УИХ-д уламжилсан. Үүний дагуу Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн сонсголыг анх удаа зохион байгуулах нь. Тодруулбал, нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос шийдвэрлэсэн байна.
Нэр дэвшигч Н.Баярмаа нь Хэнтий аймагт төрсөн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр бакалавр, магистр, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд 10 орчим жил багшаар, үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, “Эм Ди Эс энд ассошэйтс” хууль зүйн фирм, Хөгжлийн банк, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байжээ. 2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй аж.
Д.Батбаатар нь Улаанбаатарт төрсөн, “Их засаг” дээд сургуульд эрхзүйч мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. “Хүчит шонхор” ХХК-д байцаагчаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн нийт шүүгчийн шүүх хуралдааны зааварлагч, шүүгчийн туслах, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан байна. 2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн алба хашиж буй юм байна.
Түүнчлэн иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангахтай холбоотой хяналтын сонсголыг хэд хэдэн удаа товлосон ч хойшлуулсаар энэ сарын 27-нд зохион байгуулахаар болжээ.