
Монголын сёрфингийн холбооны ерөнхийлөгч, Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын санхүүгийн зөвлөх PKF компанийн Монгол дахь гишүүн, “PKF-IFS Mon¬golia” компанийн захирал, Ази, Номхон далайн бүсийн татварын зөвлөхүүдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч А.Тамирыг ярилцлагад урилаа. Сэтгүүлчид түүнийг спортын олон төрлийн хорхойтон, тамирчдыг дэмждэг, гадаадад явж байхдаа улсынхаа шигшээ багт болон тамирчид, сэтгүүлчдэд удаа дараа тусалж байсан, хаанахын хэнтэй ч ямар ч асуудлаар эв дүйтэй ярилцаж, асуудал шийдэж чаддаг, эгээ л “төрд хэрэгтэй зайран” гэх нь холгүй хүндэлж, магтдаг юм.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй.
-Танай компани олон улсын томоохон санхүүгийн зөвлөх байгууллагын Монгол дахь гишүүн юм байна. Тэгэхээр нэлээд томоохон байгууллагуудад зөвлөгөө өгдөг гэж ойлголоо.
-Тийм ээ. Голдуу манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад татвар, нягтлан бодох бүртгэл, цалин бодолт, аудит гэх зэрэг чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.
-Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-“PKF-IFS Mongolia”-гийнхан маань 45-уул. Гадаадынхантай хамтарч байгуулсан компаниуд бий. Тухайлбал, уул уурхайн байгууллагуудад катерингийн буюу хоол хүнсийг нь бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэг үйчилгээ үзүүлэх чиглэлд францчуудтай, гэр ахуйн баЕ0рааны импортоор украинчуудтай хамтарч ажилладаг. Цар тахлын үед Украинаас оруулж ирсэн тавилга, хөшиг, камин зуух зэрэг бүтээгдэхүүн гүйлгээтэй байх юм гэж ёстой бодоогүй. Борлуулалт сайн байсан. Ингээд тоолоод байвал нийт 300 гаруй хүнийг хамаарч ажилладаг юм уу даа.
-Хувийн анхны компаниа үүсгэн байгуулж, энэ хэрийн цараатай ажилладаг болох хүртлээ ямар зам туулж ирсэн бол. Хаана суралцаж мэргэжилтэн болов, ажлын гараагаа хэрхэн эхлүүлэв. Хувийн хэвшилд амжилттай ажиллаж, бусдын төлөө сэтгэл гаргаж, хөрөнгө зарцуулах болтол хөгжсөн түүхийг тань спортынхон лав сонирхоно доо.
-Санхүү, эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн коллеж байхад нь 1994 онд бакалаврын зэрэгтэй төгссөн юм. Коллежийн анхны төгсөлтийнх. Ажлын гараагаа Татварын ерөнхий газраас эхлүүлсэн. Олон улсын татварын чиглэлээр ажиллаж байлаа. Тэндээ гурван жил болоод байхдаа Олон улсын валютын сангийн шугамаар хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, эхний ээлжид БНХАУ-ын Шанхай хотод гурван сарын курст явсан юм. Тэнд номын дуу сонссон орон орны 70 гаруй суралцагч төрийн албан хаагчдын дунд зарласан мэргэжлийн уралдаанд сайн дүн үзүүлж, эхний аравт багтсанаар мөн Олон улсын валютын сангийн дэмжлэгээр Австралийн үндэсний их сургуульд магистрт суралцах эрх авсан. Энэ сургууль тухайн 1997 онд дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгт багтаж байлаа. Тэр конкурст тэнцсэндээ их баярладаг. Яагаад гэхээр Австралид амьдарч байхдаа наад зах нь сёрфинг гэж юу байдгийг мэдсэн, хичээллэх гэж оролддог байсан юм. Ирээд Татварын ерөнхий газартаа ажиллаж байгаад 2003 оноос Үйлдвэр, худалдааны яаманд Үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газарт ахлах мэргэжилтнээр очсон. Хэсэг хугацааны дараа газрын орлогч дарга болсон ч УИХ-аас Үнэт цаасны хороог татан буулгаж, Санхүүгийн зохицуулах хороо байгуулахдаа ажиллах санал тавьснаар тус хороонд ажиллахаар ирсэн. Хувиараа ажиллах хүсэл байсан болохоор 2008 оноос санхүү, татварын зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компаниа үүсгэн байгуулсан, өнөөг хүртэл тэр л ажлаа хийж байна.
-Замнал тань сонирхолтой юм. Яриагаа спорт руу чиглүүлье. Эх орондоо сёрфингийн спорт хөгжүүлэхийг зорьж, бодитоор ажиллаад эхэлжээ. Далай байтугай гол цөөнтэй улсдаа яагаад заавал энэ спортыг гэж онилов?
-2016 онд Риогийн олимпод Спортын сэтгүүлчдийн холбооныхоо шугамаар оролцсон юм. Тэнд Олон улсын олимпын хорооны хурал болж, дараагийн Токиогийн олимпод таван төрлийн спортыг нэмье гэсэн шийдвэр гаргасны нэг нь сёрфинг. Австралид сурч байхдаа сонирхож, оролдож байсан болохоор анхаарал татсан л даа. Монголдоо ирмэгцээ манай улсад ийм спортын холбоо байдаггүйг мэдээд, бүртгүүлсэн. Ер нь хөгжүүлэх гээд үзвэл яадаг юм бол гэж бодсон. Холбоогоо Үндэсний олимпын хорооны гишүүн болголоо. Бас Олон улсын сёрфингийн холбоотой холбогдож, холбоогоо гишүүнээр бүртгүүлэв. Өөрөөр хэлбэл, улсаа олон улсын байгууллагын гишүүн болгосон гэсэн үг. Монголд тамирчид байхгүй. Гадаадад хэд хэдэн хүн энэ төрлөөр хичээллэдгийг мэдэж, холбоо тогтоосон. Малайзад тэмцээнүүдэд нэлээд оролцдог охин байдаг юм. Түүнд холбоо байгуулснаа хэлэхэд баярлаж, Монголынхоо сёрфингийн холбооны нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог байж болох уу гэж асуусан. Бололгүй яах юм бэ. Австрали, Япон, бас Европ, Америкт энэ төрлөөр хичээллэдэг залуус бий. Тамирчид, мэргэжлийнхний тухайд иймэрхүү мэдээлэл байна. Монголд далай байхгүй учраас хичээллэх, тэмцээн явуулах боломжгүй. Гэхдээ дотор хиймэл давлагаа үүсгэн, зохион байгуулж болно гэж үзсэн. Гадаадад бишгүй байдаг шүү дээ. Заалны барилдаантай адил юм даа. Бид одоо үйлчилгээний томоохон цогцолбор байгуулж байгаа “Мишээл групп”-ийнхэнтэй хамтарч дотор давлагаатай заал байгуулахаар ажиллаж байна. Дэлхий даяар байдаг усан паркуудад байдаг шиг давлагаа үүсгэнэ гэсэн үг. Гадаа хийж болох ч, манай орны цаг агаарын байдлаас болоод ашиглалт багатай болчих гээд байгаа юм. Тийм болохоор дотор хийхийг зорьж байна. Манай холбооны ажлыг Австралийн ЭСЯ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Сёрфингийн спортод холбогдох тоног төхөөрөмж оруулж ирэхэд тусалъя гэсэн. Бид тоног төхөөрөмж хайж байна. Туркт ийм давлагаа хийдэг компанид очлоо. Ер нь хэд хэдэн улсад очиж судлан, харьцуулж байгаад сонгох юм.
-Тамирчдаас гадна сонирхогчдын цуваа тасрахгүй үйлчилгээ болох юм байна даа.
-Тэгэлгүй яах вэ. Манайхан “Скай ресорт”-д өвлийн спортын нэг төрөл сноүбордын тавцан дээр тоглож байдаг. Эндээс харахад монголчууд маань энэ мэтийн эгзэгтэй спортыг сонирхдог юм байна гэдэг нь харагддаг. Тамирчид төрлөө гэхэд шууд өндөр амжилт үзүүлтлээ удна. Манай улс одоогийн байдлаар хоккейгоор гэхэд дөрөвдүгээр түвшинд эрэмбэлэгддэг. Яваандаа зэрэг ахих байх. Түүнтэй адил сёрфингоор ч гэсэн чадахгүй байж байгаад, чаддаг болно. Алхам алхмаар урагшилна. Тамирчдаас гадна дасгалжуулагчид хэрэгтэй болно. Энэ талд олон улсын холбоотойгоо хамтарч ажиллана.
-Та хэзээ Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон юм бэ?
-2014 онд Сочигийн олимпын өмнө холбоонд элссэн. Тухайн үед Ж.Отгонцагаан, Ч.Отгонбаатар ах нартай танилцахад тэд холбоонд элсэхийг, спортын сэтгүүлчдийг дэмжихийг санал болгосон юм. Би спортын хоббитой. Бөмбөг оролцсон төрөл бүхэнд дуртай. Дунд сургуульд байхдаа сагсан бөмбөг тоглодог байлаа. Оюутан байхдаа волейболын УАШТ-д хүртэл оролцсон. Ялангуяа хөлбөмбөгийг сонирхож судалдаг, тоглодог ч байсан. Үзнэ, уншина, судална. Орос, Чех, Унгарын спортын сэтгүүлүүдийг захиалж уншдаг байсан болохоор мэдлэгээр гайгүй гэж боддог. Ах нарыг хэлэхэд эргэлзэх юмгүй холбооны гишүүн болсон. Тэр сэтгүүлүүдийн зургуудыг альбом болгож хадгалдаг байсан, одоо ч бий.
-1986, 1990 оны ч гэдэг юм уу, хөлбөмбөгийн ДАШТ хэрхэн болсон, аль багийн хэн, хэн гоол оруулсан зэргийг хэлж чадах уу?
-Чадна. Мартдаггүй.
-ДАШТ-үүд, олимпыг ч гэсэн газар дээр нь очиж үздэг гэлээ. Хэдэн удаа явсан бэ?
-Анх 2002 онд нэгэн найзынхаа санал болгосноор Япон, БНСУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг очиж үзсэн юм. Найзын маань солонгос түншүүд хүлээж авч байлаа. Тэгэхэд их гоё мэдрэмж төрснөөс хойш олимп, ДАШТ-үүдийг газар дээр нь очиж үзэж байя гэж бодсон. 2006 онд ХБНГУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзье гэсэн ч виз гараагүй. Түүнээс хойш буюу компаниа байгуулснаар хуримтлалтай ч болж эхэлснийх Бээжингийн олимпоос эхлээд өвөл, зуныхыг алгасалгүй үзсэн.
-Тан шиг ингэж олимп алгасалгүй үздэг хүмүүс байдаг уу?
-Хувиараа над шиг явдаг хүн гэвэл Мягмар гэж ах бий. Сүүлийн хэдэн жил зуны олимпуудыг бүгдийг үзсэн байх шүү. Спортын ийм том үйл явдлуудын дунд нь байж, үзэж, таашаах нь сайхан амралт болохын сацуу их тэмүүлэлтэй, өөдрөг болгодог юм билээ. Дараагийн ДАШТ юм уу, олимпыг үзэхийн тулд бизнесээ сайн явуулах хэрэгтэй, амжилттай байх ёстой, очих, ирэх зардлаа олох ёстой гэж боддог. Зорилго томордог санагдсан.
-Гольф хэзээнээс тоглодог болсон бэ. Та “Хакүхо цом”-ын эзэн юм билээ.
-2015 оноос хойш гольфоор хичээллэж байна. Зурагтаар их хардаг байсан юм. Тэгэхэд уйтгартай юм шиг мөртлөө сэтгэл татаад байдаг байлаа. Манай оффис “Баянгол” зочид буудлын баруун талд байсан юм л даа. “Инээмсэглэл” хамтлагийн Ч.Ганболд гуай манай хөрш. Мань хүн баасан гараг болохоор л гольф тоглохоор явдаг байлаа. Нэг удаа түүнээс “Гоё юм уу” гэж асуухад “Чи тогло. Талбайд оч, багштай бол” гэлээ. Хэлснээр нь очлоо. Тэгсэн сар хэртэй болсны дараа гар өвдөөд, алга холцруутаад, хавиргаар эвгүй болоод байлаа. Багшдаа болих тухай хэлэхэд “Ингэдэг юм. Давах хэрэгтэй” гэхээр нь үгэнд нь орлоо. Удалгүй талбайд тоглож эхлэхдээ энэ нь үнэхээр өөрийгөө ялан дийлэх, үгүйгээ үздэг спорт юм байна гэдгийг мэдэрсэн. Өөрөө зөв цохивол өөрийгөө ялна. Үүгээрээ их гоё. Хүнийг таньж мэдэхэд тустай гэдэг нь үнэн. Өөрөө буруу цохичихсон хэрнээ буруугаа хүн рүү чихдэг бол тэр хүн хэн бэ гэдэг нь тодорхой болно. Хамтарлаа гэж бодоход алдагдал хүлээвэл хамаг буруугаа над руу чихэж мэдэх хүн байна гэх зэргээр шинжиж болохоор ч юм шиг. Энэ талаараа ч гэсэн гольф таалагддаг.
-Спортын сэтгүүлчдийг хэрхэн дэмждэг вэ?
-Шаардлагатай үед, гадаадын тэмцээн сурвалжлах ажлаар явах боллоо гэхэд санхүүгийн хүндрэл гарвал зарим сэтгүүлчийн замын болон байрлах зардлыг олгож дэмжиж байсан. 2014 оны Инчоны наадам, 2016 оны Риогийн олимп гээд дурдаж болно.
-Та Грек улсын Монгол дахь өргөмжит консул юм билээ. Хэзээнээс ийм алба хаших болсон бэ?
-Аливаа улсын Засгийн газар нь Элчин сайдын яам байхгүй орнуудад тухайн орны иргэнийг өөрийн улсын өргөмжит консулаар сонгож, томилдог. Манайд Грек улсын ЭСЯ байдаггүй учраас Монголын иргэнийг сонгож өргөмжит консулаар томилсон. Түүх ярья. Манай аав ГХЯ-нд олон жил ажилласан дипломатч юм. Тийм болохоор тус яамны аавынхаа үеийн, эсвэл надтай нас ойролцоо ажилтнуудыг таньдаг л даа. Нэг удаа яаманд найзтайгаа уулзахаар очиход тэрбээр Грекийн Элчин сайдтай (БНХАУ дахь) хамт сууж байсан юм. Намайг танилцууллаа. Гурвуул нэлээд ярьж суусны эцэст Элчин сайд “Манай улс Монгол дахь өргөмжит консулаа томилох гэж байгаа. Та хэрвээ ажиллахыг хүсэж байвал танилцуулгаа явуулах уу” гэлээ. “За” гэсэн юм чинь гээд хаягаар нь танилцуулгаа явууллаа. Гэтэл хоёр жил хэртэй чимээгүй байснаа “Бид дөрөв, таван нэр дэвшигчийн материалтай танилцаж, судлаад таныг сонголоо” гэсэн захидал ирсэн. Үйл явц уддаг юм билээ. Аль аль улс нь зөвшөөрч байж шийдэгддэг асуудал юм байна. Ингээд би өөрийн улсдаа Грекийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдалд нь санаа тавих, хоёр улсын хоорондох эдийн засаг, соёл, урлаг, спорт чиглэлийн бүхий л хамтын ажиллагааны асуудлыг хариуцах албатай болсон. Грекээс хааяа албаны хүмүүс, жилдээ 120-150 жуулчин ирдэг. Тэдэнд асуудал тулгарвал, туслах хэрэг гарвал хөөцөлдөнө. Жуулчид бичиг баримтаа алга болгосон тохиолдол бий. Тийм хүмүүсийг эх оронд нь хүртэл явуулах гэдэг бас л хугацаа шаардсан ажил байдаг юм билээ.
-Яаж амжуулдаг юм бол гэхээр их ажилтай хүн юм, та. Далайд гарцгүй улсдаа далайн спорт хөгжүүлэхээр сэтгэл шулуудан зорьж яваа тань хамгийн их таалагдлаа. Монгол залуус хэзээнээс хиймэл давлагаа бүхий танхимд энэ спортоор хичээллэж эхлэх бол?
-Хамтран ажиллах байгууллагуудын ажлын явцаас хамаарах болохоор тодорхой хэлэх аргагүй байна. Нэг их удахгүй байх аа.