
БНСУ-ын Тусгай хамгаалалттай газруудын удирдах газрын дарга Сон Ён Лим тэргүүтэй албаны хүмүүс манай улсад ажиллаж байна. Тэд олон жилийн харилцаатай Хан хэнтийн дархан цаазат газар болон Сеороксаны байгалийн цогцолборт газрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол орны зүүн бүсэд судалгааны төв байгуулах, уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулж, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрынхантай энэ талаар санал солилцжээ.
Сеороксаны байгалийн цогцолборт газар Хан хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2014 оноос харилцаа тогтоосон аж. Энэ хугацаанд манай улсын 10 тусгай хамгаалалттай газрын 40 гаруй байгаль хамгаалагч, мэргэжилтнийг чадавхжуулж, амьтан, ой, ургамлын бүрхэвчийн зэрэг олон талт судалгаа хийсэн гэнэ. Цаашид ийм харилцаатай, тусгай хамгаалалттай газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгджээ.