
“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн ирэх баасан гарагт эхлэх тухай Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, дасгалжуулагч Ч.Болдбаатар, тамирчдын төлөөлөл мэдээллээ. Уг тэмцээнд 30 орны 265 тамирчин оролцох аж. Б.Батгэрэл “Монголд анх удаа зохион байгуулж буй “Улаанбаатар их дуулга”-д Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Нидерланд, Казахстан, Узбекистаны баг хүчтэй бүрэлдэхүүнээ илгээгээд байна. ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор оролцоно” гэв. Мөн Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхээр жин тус бүрт дөрвөн тамирчнаа өрсөлдүүлнэ. Иймээс нийт 56 тамирчин, долоон дасгалжуулагч тэмцээнд оролцох юм. Энэ он гарснаас хойш Франц, Бельги, БНСУ, Израил зэрэг улсын багтай бэлтгэл хангасан” хэмээн ярилаа. Тус тэмцээн гурван өдрийн турш “Мөсөн өргөө”-д үргэлжлэх бөгөөд тасалбарыг нь Спортын төв ордонд 30-50 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал