
Киргизийн Бишкек хотод энэ сарын 19-26-нд зохион байгуулж буй 17, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-д Монголын тамирчид хүч сорьж буй. Өсвөр үеийнхний барилдаанаар эхэлсэн тэмцээнд манайхаас охидын 69 кг-ын жинд “Женко” клубийн Э.Одзаяа түрүүлж, тивийн аварга боллоо. Тэрбээр хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр илүүрхэж, хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор ялж, алтан медалийн төлөө Японы Харүка Кобарүг 17:9-өөр хожив. Тэгвэл 53 кг-д Японы “Шигакүкан” ахлах сургуульд сурдаг, Монголын бөх Б.Халиун, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн Ч.Номин нар аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд ялагдаж, мөнгөн медаль хүртжээ.