
Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар “Focus on the family Mongolia” байгууллагын сэтгэлзүйч Н.Рэнжмаатай ярилцлаа.
-Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол сэтгэлийн хатгүй, амьдралд тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвар сул гэж ярьдаг. Сэтгэлзүйч хүний хувьд та энэ дүгнэлтийг хэр бодитой гэж харж байна вэ?
-Амьдралд тохиолдох сорил бэрхшээл, хүнд хүчрийг даван туулах чадвар хүн бүрт харилцан адилгүй. Энэ нь эрэгтэй, эмэгтэй гэх хүйсийн ялгаанаас илүү хувь хүний онцлог, суурь хүмүүжил, аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат, зориг зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Тиймээс хүйсийн хувьд сэтгэлийн хаттай, хатгүй гэж ялгаж үзэх нь харьцангуй ойлголт юм. “Эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас” гэх номоос эхлээд эмэгтэй, эрэгтэй хүнийг хоорондоо их ялгаатай, өөр ертөнц гэх ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Мэдээж хүйсийн хувьд ялгаа тайг бид бүгд мэдэх ч генетикийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ДНХ нь 98.5 хувьтай ижил байдаг. Ялгаатай байдал нь ердөө 1.5 хувь л юм.
-Эрэгтэйчүүдийн уураг тархи эмэгтэй хүнийхээс өөр. Энэ нь сэтгэл хөдлөл, үйлдэл, дадал зуршлаар нь илэрдэг гэж үнэн үү. Эрэгтэй хүмүүс “мэдрэмжгүй” байдаг нь тархины онцлогтой нь холбоотой юу?
-Тархины бүтцийн ялгаатай зүйлийг эрдэмтэд судалсан. Эрэгтэй хүмүүсийн тархины баруун, зүүн тал бөмбөлгийн хоорондын холбоос нь эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад бага, харин урд, хойд тархины хоорондын холбоос маш их байдгаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, тархины хоорондын холбоосоороо ялгаатай гэсэн үг. Тиймээс эрчүүд орон зайн мэдрэмж илүү сайтай, техникийн ур чадвар өндөр байдаг. Мөн эрэгтэй хүн нэг зүйлд маш сайн төвлөрч ажлаа хийдэг бол эмэгтэйчүүдийн тухайд баруун, зүүн тархины хоорондын холбоос сайн учраас олон ажлыг нэг дор амжуулах чадвартай байдаг. Түүнчлэн хүний царайны хувирал, хэл яриа, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг маш сайн таних, хариу үйлдэх чадвартай. Харин эрчүүдийн тухайд баруун, зүүн тархины холбоос эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад харьцангуй бага тул “мэдрэмжгүй” гэж хэлэгдэхүйц үйлдэл гаргах нь олонтоо.
-Манай улсын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино насалж байгаад сэтгэл зүйн асуудлууд нөлөөлсөн болов уу?
-Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 10 насаар богино насалж буй бөгөөд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь халдварт бус өвчин буюу зүрх судасны эмгэг, хавдар байна. Стресс дарамт, бухимдлаа тайлж чадахгүй явснаас зүрх, судасны өвчтэй болдог. Энэ нь цаагуураа сэтгэл зүйн асуудалтай холбоотой.
-Зовлон бэрхшээл тулгарч, сэтгэлээр унахаараа эрчүүд ихэвчлэн архи уудаг. Энэ нь сэтгэл гутрал дээр нь нэмээд донтолт үүсгэдэг талаар СЭМҮТ-ийн эмч ярьж байсан. Архи сэтгэл зүйд ямар гэмтэл учруулдаг вэ?
-Хүмүүс архи ууснаар өөрийгөө тайвшруулж, стрессээсээ салж байна гэж эндүүрдэг. Архи нь мансууруулах бодис агуулж буй учраас тухайн агшинд зовлонгоос нь түр ангижруулж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг ч цаадах асуудал нь яг хэвээрээ харин ч бүр хүндрэх эрсдэлтэй. Архины хэрэглээ их байх нь зүрх, судас болон бусад эд эрхтнийг гэмтээхээс гадна ой тогтоолт муудаж, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Мөн тархины эд, эсүүд ихээр гэмтэж, архины цагаан солио болох магадлал өндөрсөнө. Архи ууснаар сэтгэл санаа тогтворгүй болж, ууртай, сэтгэлээр унаж, гутарч, ганцаардлыг мэдэрч, хий юм харах, сонсох, харгис үйлдэл гаргах гэх зэргээр хүний зан чанар, сэтгэл зүйд олон сөрөг нөлөө үзүүлдэг.
-Сүүлийн үед эрчүүд сэтгэлзүйчид хандах нь нэмэгдсэн гэж сонслоо. Эрчүүдийн дунд ихэвчлэн ямар асуудал тулгарч байна вэ?
-Өмнөх үетэй нь харьцуулбал сэтгэлзүйчид хандаж буй эрчүүдийн тоо нэмэгдсэн. Гэхдээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад цөөн хэвээрээ. Сэтгэл зүйн зөвлөгөө авч буй эрэгтэй үйлчлүүлэгчийн олонх нь хосын харилцааны асуудлаар ханддаг. Тодруулбал, эхнэр, нөхрийн таарамжгүй харилцаа, гэр бүл нь салахдаа тулсан, нэгэндээ үл итгэсэн гэх мэт асуудлаар хосоороо хандаж, тус тусдаа үйлчилгээ авах нь түгээмэл. Үүнээс гадна эрэгтэйчүүд сэтгэл гутрал, хямралын асуудлаас болж зөвлөгөө авах нь цөөнгүй. Эрчүүдэд сэтгэл зүйн асуудал байдаг ч үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүй, сэтгэлзүйчид хандах хэмжээнд хүрээгүй, өөрөө зохицуулчихна гэж эндүүрдэг. Түүнчлэн сэтгэлзүйчид хандах нь сул дорой байгаагийн илрэл, эсвэл сэтгэцийн өвчтэй хүн л очдог гэх нийгмийн тогтсон буруу ойлголтоос болж эрэгтэйчүүд сэтгэлзүйчид хандах нь цөөн байдаг.
-Гэхдээ сүүлийн үед эрчүүд их нээлттэй, эмэгтэйчүүдээс ч илүү яриа болсон гэх юм.

-Манай улсад жендерийн талаарх ойлголт харьцангуй өөрчлөгдөж эхэлж байна. Эр хүн дуугүй, гүндүүгүй, ноён нуруутай байх ёстой гэх ойлголт өөрчлөгдөж, эрэгтэй хүн ч гэсэн уйлж, ярьж, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж болдог гэдгийг ойлгож байна. Сүүлийн үеийн залуус нээлттэй, илэн далангүй ярьдаг, түүнийг нь хүлээн авч, сонсож буй хүмүүс ч мөн “эрэгтэй юм байж гэхээс илүү яагаад ийм байж болохгүй гэж” гэсэн хандлагаар хүлээн авдаг болжээ. Эрэгтэй хүн ч гэсэн ялгаагүй сэтгэлтэй, мэдрэмжтэй, өвддөг, заримдаа бусдын тусламж хэрэг болдог, хэцүү үе тулгардаг гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч, дэмжих нь чухал.
-Мэргэжлийн хүнд хандсанаар асуудлаасаа ангижрах боломж хэр байдаг бол?
-Стресс, бухимдлаа бага дээр нь шийдээгүйгээс болж бие махбод өвчлөх хэмжээнд хүндэрч байна. Ингэж хүндрэхээс нь өмнө сэтгэл зүй болон харилцааны асуудлаа шийдвэрлээд явах нь чухал. Ингэхийн тулд стресс бухимдлаа тайлах зөв дадалтай болох, дасгал хөдөлгөөн хийх, хүмүүстэй илэн далангүй харилцах зэрэг энгийн хэрнээ эрүүл амьдралын хэв маягийг бий болгож чадвал хүндрэлээс сэргийлэх боломжтой. Асуудлаасаа өөрөө гарч чадахгүй тохиолдолд мэргэжлийн үйлчилгээ авах нь тустай. Сүүлийн үед мэргэжлийн сэтгэлзүйч нэмэгдэж, тусламж, үйлчилгээ үзүүлэх хувь хүн, байгууллага олон болсон. Аливаа тусламж үйлчилгээ авахдаа санаа зовохгүй, ичихгүй байх нь эерэг үр дүнд хүргэдэг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай, хөнгөн төрлийн стресст орсон хүн сэтгэлзүйчтэй 1-2 удаа уулзсанаар асуудлаа шийдвэрлэх боломжтой. Гэтэл олонх нь сэтгэл зүйн асуудал нь урт хугацаанд үргэлжилж, шинж тэмдэг нь хүндэрсэн үедээ л сэтгэлзүйчид хандаж байна. Энэ тохиолдолд нэг удаагийн уулзалт хангалтгүй. Олон улсын стандартаар бол нэг асуудал дээр доод тал нь 8-10 удаагийн уулзалт хийж байж ахиц гардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний асуудлаас шалтгаална. Зарим хүн насан туршдаа сэтгэл зүйн үйлчилгээ авах тохиолдол ч байдаг. Ер нь маш богино хугацаанд том өөрчлөлт гарна гэсэн өндөр хүлээлт хэрэггүй. Сэтгэл зүйн эмчилгээнд цаг хугацаа, тууштай байдал чухал. Яагаад гэхээр сэтгэл зүйн асуудал нүдэнд харагддаггүй ч амьдралд, эрүүл мэндэд хамгийн их нөлөөлж байдаг.
-Бас нэг сэтгэл эмзэглүүлэм асуудал нь эрэгтэйчүүд амиа хорлох тохиолдол их. Энэ нь тэдний сэтгэл зүйн байдалтай холбоотой юу. Үнэхээр хүнд хэцүү үед сэтгэл зүйгээ яаж удирдах вэ?
-Амиа хорлосон хүмүүсийн 90 орчим хувь нь сэтгэл хөөрөл буюу сэтгэц, зан үйлийн асуудлын түр хямралаас, мөн сэтгэл гутралаас үүдэлтэй амиа хорлосон байдаг. Сэтгэл нь өвдчихсөн хүнд тусламж хэрэгтэй. Судалгаанаас харахад эрэгтэй, эмэгтэй хүн ялгаагүй амиа хорлох оролдлого хийдэг ч эрэгтэй хүмүүсийн оролдлого биеллээ олчихдог. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүмүүс амиа хорлохдоо бүтэлгүйтэхгүй байх бүх арга хэмжээг авдаг. Үүний цаана сэтгэл зүйн маш хүнд асуудал байдаг. Асуудлыг хүндрүүлэхгүйгээр сэтгэл зүйн ямар нэгэн хямрал илрэнгүүт тусламж авах хэрэгтэй. Ганцаараа гүрийгээд асуудал нь аяндаа сайжирна гэсэн зүйл байхгүй. Мэргэжлийн хүнд хандах нь зөв. Сэтгэл зүйн асуудал илэрснийг нь анзаарсан, ажигласан бол гэр бүлийнхэн нь тусалж дэмжиж, ойлгоорой. Сэтгэл гутрах хэмжээнд хүргэхгүйгээр амьдралын хэв маягаа эрүүл байлгаарай. Үүнд сэтгэл, мэдрэмжээ хуваалцдаг, ярьдаг, эргэн тойрных нь хүмүүс сонсдог, ойлгодог байх нь чухал. Алхах, гүйх, спортоор хичээллэх, ном унших, хөгжим сонсох зэрэг стрессээ тайлах эерэг аргыг хэрэглэ. Харин согтууруулах ундаа, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэснээр стресс тайлах биш, улам бүр бие төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирч, харилцааны хувьд ч асуудалд ордог. Сэтгэл зүйн эрүүл мэндэд харилцаа холбоо маш чухал. Ялангуяа өөрийг нь сонсдог найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олон зэрэг дэмжих бүлэг чухал нөлөөтэй. Эвдэрсэн харилцаагаа сэргээж, хаана ч очсон таныг сонсох, дэмжих хүрээлэл бий болгоорой.
-Бие махбод болон сэтгэл зүйгээр эрүүл өссөн хүүхэд ирээдүйн сайн аав, нөхөр болох болов уу. Аавууд хөвгүүдтэйгээ яаж харилцах талаар зөвлөхгүй юү?
-Хөвгүүдэд аав маш чухал нөлөөтэй. Хүүхэд гурван наснаасаа хүйсийн ялгаатай байдлыг мэдэрч эхэлдэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэсээ аавыгаа загвар болгон хардаг. Аав хүн гэр бүлдээ ямар байр суурьтай, бусадтай яаж харилцаж байна, биеэ хэрхэн авч явааг харж суралцдаг. Үгээрээ заагаагүй ч үйлдлээс нь суралцдаг. Жишээлбэл, гэмт хэрэг үйлдээд хоригдож байгаа эрэгтэйчүүдийн ар гэрийг нь судалж үзэхэд олонх нь аавын “асуудалтай” байжээ. Аавгүй өссөн, аав нь хүчирхийлдэг, зоддог, гадуурхагдсан хөвгүүд гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их байсан. Тиймээс хөвгүүдтэй харилцахдаа нийгмийн тогтсон буруу хандлагаар бус, мэдрэмжээ илэрхийлэхэд нь сургах, тэднийг сонсох, цагийг хамт өнгөрүүлэх нь их чухал. Мэдрэмжээ таньж мэдэж, илэрхийлж сурснаар бусдыг ойлгох чадвар нэмэгддэг. Аав нар хүүтэйгээ тоглож, хамт байх цаг гаргаснаар өөртөө итгэлтэй, өөрийн үнэлэмж өндөртэй бие хүн болж төлөвшихөд нь эергээр нөлөөлдөг.
-Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар хийсэн судалгаа манай улсад байдаг уу. Хүмүүсийн сэтгэл зүйд тулгарах асуудал бэрхшээл нь нас, наснаас шалтгаалж харилцан адилгүй байдаг байх. Аль насныханд сэтгэл гутрал хамгийн их тохиолдож байна вэ?
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх олон улсын судалгаа бол бий. Сонирхуулбал, эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг бодоход архидан согтуурах, мансууруулах бодист донтох магадлал хоёр дахин, шизофрени өвчнөөр өвчлөх магадлал 40 хувиар илүү, хөвгүүд охидоос 10 дахин их суралцахуйн бэрхшээлтэй байна. Мөн аутизмын эмгэгээр оношлогдох магадлал охидоос 4-5 дахин их буюу аутизмтай хүүхдүүдийн олонх нь хөвгүүд байдаг. Манай улсын тухайд эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар нарийн судалгаа байхгүй учраас аль насанд сэтгэл гутрал өндөр байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ амиа хорлолтын тооноос харахад 15-44 хүртэлх насны эрчүүд ихэнх хувийг эзэлж байна. Үүний цаана сэтгэл зүйн асуудал байдаг учраас энэ насныхан илүү сэтгэл гутралд өртсөн байх магадлалтай.
-Санхүүгийн асуудлаас болоод сэтгэлзүйчид хандаж чаддаггүй тохиолдол цөөнгүй байх. Тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлдэг газар хэр олон бол?
-Ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйч ажиллаж эхэлсэн. Сургуулийн сэтгэлзүйчээсээ өсвөр насныхан сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой. Дүүрэг бүрт сэтгэлзүйч ажиллаж, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэл гутрал, сэтгэл түгшүүртэй байгаа бол дүүргийнхээ Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчид үзүүлж шаардлагатай тохиолдолд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж, эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хийлгэх боломжтой. Сэтгэл зүйн үйлчилгээ үнэ төлбөргүй авах боломж бий ч энэ талаарх мэдээлэл иргэдэд бага байна. Цаашид сэтгэл зүйн үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг болчихвол хүссэн мэргэжилтнээсээ зөвлөгөө, тусламж авах хүртээмж нэмэгдэж болох юм.