
ДЭМБ 10-19 хүртэлх насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэг буюу сэтгэл гутрал, депресс, зан төрхийн өөрчлөлттэйг судалгаагаар тогтоожээ. Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдөх болсонтой холбогдуулан улс орнууд зөвлөгөө, тусламж үзүүлэх гар утасны аппликэйшн бүтээх, сургуулиудад мэргэжлийн сэтгэлзүйч ажиллуулах зэргээр хүүхэд, залууст анхаарах болсон аж. Ийм зорилгоор бүтээсэн, олон улсад өргөн ашигладаг аппликэйшнүүдийг СЭМҮТ-өөс танилцуулав. Үүнд “Vive teens”, “Opa mind”, “Super better”, “Wysa”, “Sati”, “Neolth” зэрэг багтжээ. Зөвхөн өсвөр насныханд зориулсан эдгээр аппликэйшн бүгд хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд хэрэглэгчийг сонсох, тухайн үеийн сэтгэл санааны байдалд нь тохирсон зөвлөгөө, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйчтэй холбох зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж.