
Хотын суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой орж ирсэнтэй холбоотой дуудлага сүүлийн 10 хоногт гурван удаа бүртгэгджээ. Үүний хоёр нь зуслангийн бүс, нэг нь хотын төв орчимд байсан гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ялангуяа ой мод, бут, сөөг ихтэй, хад асгатай газар явахдаа болзошгүй эрсдэлээс сэргийлэн, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулав. Могойтой таарвал оролдохгүй, чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөлөө.
Бут, сөөг, хад, асга ихтэй газарт амьдардаг энэ төрлийн хортой могой сүүлийн жилүүдэд суурьшлын бүсэд элбэг үзэгдэх болсныг хүмүүс байгаль, цаг уурын өөрчлөлт, хот тэлэлттэй холбон тайлбарлаж буй. Харин МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, хоёр нутагтан, мөлхөгч судлаач П.Эрдэнэтүшиг борооноос үүдэлтэй гэж дүгнэжээ. Учир нь, бамбай хоншоорт чийг ихтэй газар удаан хугацаанд байж чаддаггүй гэнэ. Ташрамд дурдахад, иргэд суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газрын 318003, 323780 утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авхуулах боломжтой аж.