
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, геологич, дэд профессор, доктор Б.Эрдэнэцогттой ярилцлаа. Тэрбээр Монгол, Австралийн Засгийн газрын хамтарсан “АМЕП- 2” хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол орны нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөв” төслийн Монголын талын зөвлөхөөр ажиллажээ.
-Зарим уншигч нүүрсний давхаргын метан хийн талаар мэдэхгүй байж магадгүй. Үүнийг юунд хэрэглэдэг, ямар ашигтай түүхий эд гэдгээс яриагаа эхэлье.
-Энгийнээр хэлбэл энэ нь нүүрсэнд агуулагдаж байгаа байгалийн хий юм. Дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ногоон эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж буй энэ үед цахилгаан, дулаан гаргах хамгийн боломжит ногоон түүхий эд нь нүүрсний давхаргын метан хий. Бидний бодсоноос ч богино хугацаанд эрчим хүчний шилжилт явагдан, олон ул сад эрчим хүчний нүүрсний хэрэглээг илт бууруулах магадлалтай боллоо. Метан хий нь нүүрстөрөгчөөс 25 дахин илүү хор нөлөөтэй учраас агаарт дэгдэхийн хэрээр сөрөг үр дагавар үүсгэж байдаг.
Манай орны хувьд ч нүүрс олборлолтын явцад метан хий ямар нэг хэмжээгээр ялгарч байгаа гэсэн үг. Хэрэв нүүрс олборлох үед метан хийгээ “цуглуулбал” эдийн засгийн өгөөжтэй төдийгүй байгальд ээлтэй шийдэл болдог. Дэлхийн томоохон хотууд нүүрсний хэрэглээгээ танаж, зарим нь халж байж агаарын бохирдлоо бууруулсан жишээ цөөнгүй. Монголын хувьд ч агаарын бохирдлыг багасгах гол түүхий эд нь нүүрсний давхаргын метан хий байх бүрэн боломжтой. Манай улс цөөн хүн амтай, нүүрсний нөөц ихтэй учраас ирэх 100 жилд ч нүүрсний өгөөжөө хүртсээр байна. Гэхдээ дэлхий нийт нүүрсний хэрэглээнээс улам бүр татгалзаж буйтай холбоотойгоор цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн түүхий эдийн шинэ шийдэл нэвтрүүлж эхлэх зайлшгүй шаардлага бий болсон. Мөн ногоон эрчим хүчний шилжилт эрчимтэй явагдаж буйгаас нүүрсний давхаргын метан хийн баялагтайн хувьд эл салбарт хөрөнгө оруулалт татах, хий олборлох, ашиглах, борлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх томоохон боломж бидэнд байгаа хэрэг.
-Нүүрсний нөөцтэй улс бүрт ийм хий байдаг уу?
-60 орчим улс нүүрсний нөөцтэй гэгддэг. Гэхдээ эл ашигт малтмалын нөөцтэй орон бүрт нүүрсний давхаргын метан хий байх боломж бага. Нүүрсний давхаргын метан хийн хуримтлал үүсэх геологийн тодорхой нөхцөлүүд шаардлагатай байдаг. Мөн нүүрсний ордод метан хий байгаад ч орд үүсгэн, өгөөж өгөх хэмжээнд хүрэхгүй нь бий. Манай орны хувьд Ашигт малтмал, газрын тосны газраас санаачлан, Австрали, Монголын Засгийн газар хоорондын “АМЕП-2” хөтөлбөрийн санхүүжилтээр “Монгол орны нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөв” төслийг 2021-2022 онд хэрэгжүүллээ. Уг төслийн ажилд АМГТГ, Үндэсний геологийн алба, Австралийн “Сайпер” зөвлөх компани, Куинслэндийн технологийн их сургуулийнхан болон МУИС-ийн багш нар оролцсон. Төслийн үр дүнд Монгол дахь нүүрсний орд бүхий 15 сав газрын 14-т нь судалгаа хийн, 7.5 их наяд шоо метр метан хийн баялаг бийг тодорхойлсон.
-Метан хийн баялаг гэдэг нь нөөц гэсэн үг үү?
-Үгүй. Ийм хэмжээний метан хийн нөөцтэй гэж ойлгож болохгүй. Баялгийн тооцоо гэдэг бол нүүрсний давхаргын метан хийтэй гэдгийг л тогтоосноос нөөцийн хэмжээг илэрхийлэхгүй. Бидний судалгааны үр дүнд тулгуурлан тухайн байршилд хайгуул хийж байж нөөцийн хэмжээг гаргана.
-Баялгийн судалгааг гаргажээ. Цаашид юу хийх вэ?
-Геологи хайгуулын ажлыг л эрчимтэй хийх хэрэгтэй. Хайгуулын ажил бүр үр дүнд хүрэхгүй учраас хувийн компаниуд шинэ орд хайх, шинэ талбайд хайгуул хийх хөрөнгө гаргахад тун эрсдэлтэй. Тиймээс хаана, ямар ашигт малтмал байх боломжтой талаарх анхан шатны судалгааг төр хийх хэрэгтэй болдог. Судалгааны мэдээллээ нэгтгэн, талбайгаа санал болгох учиртай гэсэн үг. Хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах зорилгоор анхан шатны судалгаагаа өөрсдөө хийн, дүн мэдээллээ нийтэд ил болгодог жишиг олон улсад байдаг.
-Нүүрсний давхаргын метан хийг хөрөнгө оруулагчид сонирхон, санхүүжилт гарган хамтын ажиллагаа өрнүүлж буйг АМГТГ-аас мэдээлсэн. Аль улс манайхыг илүүтэй сонирхож байгаа бол?
-Цар тахлын энэ үед уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт буурч, гадаад, дотоод хамтын ажиллагаа хумигдсаар байна. Гэхдээ нүүрсний давхаргын метан хийн судалгааны чиглэлээр манайхыг Австралийн компаниуд сонирхон, цөөнгүй төсөл хамтран хэрэгжүүлж буй. Энэ удаа ч гэсэн Австралийн Засгийн газрын санхүүжилтээр төр, хувийн хэвшлийнхэн болон их сургуулиудын хамтын ажиллагааны үр дүнд метан хийн баялгийн талаарх шинэ ойлголттой боллоо. Өмнө нь энэ чиглэлээр явуулсан судалгаа байгаагүй. Одоо энэ судалгаанд тулгуурлан ойрын үед хайгуул хийж, нөөцийн хэмжээг тогтоон, ашиглах, эсэх асуудал яригдана гэсэн үг.
-Хэрэв метан хийн нөөц ихтэй, эдийн засгийн өгөөжтэй гэвэл бидэнд ямар боломж бүрдэх вэ. Ер нь манай орон ашигт малтмалын арвин нөөцтэй, олж илрүүлээгүй эрдэс бүтээгдэхүүн ихтэй гэдэгтэй санал нийлдэг үү?
-Манай улс геологийн өвөрмөц тогтоцтой учраас олон төрлийн ашигт малтмал байх боломжтой. Мөн газар нутгийн хэмжээ том, хүн ам цөөнтэйгөөс нэг хүнд ногдох эрдэс бүтээгдэхүүний хэмжээ их байдаг. Гэхдээ хайгуулыг орон даяар тасралтгүй явуулж байж л үр дүнд хүрнэ. 1000 байршилд хайгуул хийхэд нэгээс нь л Оюутолгой шиг орд олох магадлалтай. Үүнээс гадна бидний нэг сул тал бол дэд бүтэц, ложистик муутай явдал. Ийм шалтгааны улмаас ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд хурдан бөгөөд бага зардлаар оруулах боломжгүй байна. Жишээлбэл, нүүрсний давхаргын метан хий байх магадлалтай бүсийн дийлэнх нь Өмнөговьд бий. Хэрэв тэндээс хий олборловол Улаанбаатарт тээвэрлэн авч ирэх, эсвэл урд хөрш рүү гаргах зардалд хэр зэрэг ялгаа гарах бол. Хөрөнгө оруулагчид аль болох бага зардлаар үйл ажиллагаа явуулахыг хичээнэ. Тиймээс манай зүгээс дэд бүтцээ сайжруулахад онцгойлон анхаарах учиртай. Ер нь орд ашиглахаас ч дутуугүй зардлыг эхэлж гарган, дэд бүтэц, тээвэр ложистикийн бэрхшээлийг бууруулахад анхаарвал зохих юм. Хийн хоолой барих асуудлыг төрөөс шийдэж чадахгүй ч хувийн хэвшлийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид шийдвэрлэх нөхцөлийг л бүрдүүлж өгөх учиртай.
Метан хийн нөөц их байвал бид Улаанбаатарын утааг бууруулах нэг боломжийг атгалаа гэсэн үг. Хийг ахуйн хүрээнд хэрэглэхийн зэрэгцээ цахилгаан үйлдвэрлэж болно. Нүүрснээсээ татгалзах боломж шүү дээ. Түүнчлэн метан хийг цооногоор өрөмдөн олборлодог учраас бай галь орчинд төдийлөн сөрөг нөлөө үзүүлдэггүй.
-Метан хийн салбарт аль улс тэргүүлж байна вэ?
-Хий олборлогч хамгийн том гүрнүүд нь Австрали, АНУ. Эдгээр улс дэд бүтэц сайтай учраас олборлолтыг илүүтэй хөгжүүлж чадаж байна. Тодруулбал, дэд бүтцийн цогц сүлжээнийхээ тусламжтайгаар олборлосон хийгээ хот суурин газруудад түгээдэг.
-Манай улсын геологийн салбарын хөгжлийг хэрхэн үнэлэх вэ. Уг салбарт ажиллах хүний нөөц хангалттай бий юү?
-Манайд геологийн салбарыг үүсгэн байгуулаад 80 гаруй жил болж буй. Бид зарим төрлийн ашигт малтмалын хайгуулыг сайн хийж, томоохон ордуудыг ашиглалтад оруулж, амжилттай ажиллаж буй бол зарим ашигт малтмалын хайгуулыг бараг хийгээгүй.
Сүүлийн үед геологич мэргэжлийг сонгох элсэгчийн тоо буурч, салбарын боловсон хүчний асуудал тулгамдаж ирлээ. ШУТИС, МУИС гэсэн хоёр сургууль геологичдыг бэлтгэдэг ч жил бүр нийт 40 орчим оюутан төгсөж байгаа нь дэндүү бага тоо. Уг нь геологийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд тэтгэлэг авах боломж их, дөрөвдүгээр дамжаанаасаа цалинтай ажиллаж эхэлдэг. Бусад мэргэжилтэй харьцуулахад цалин өндөр. Эл салбарт мэргэжилтний эрэлт, хэрэгцээ их ч олон нийт энэ талаар ойлголт муутай байна. Тиймээс бид ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэдээлэл өгөх, геологич мэргэжлийн талаар таниулах зорилгоор ирэх намраас их сургууль, хувийн хэвшлийнхэн, төрийн албаныхантай хамтран ажиллахаар төлөвлөсөн.
-Монгол орны хэмжээнд зарим ашигт малтмалын судалгааг сайн хийсэн гэлээ. Тэгвэл цаашид ямар төрлийн эрдэс бүтээгдэхүүний хайгуулыг түлхүү хийвэл зохих вэ. Ер нь ашигт малтмалын нөөц Өмнөговь, Дорноговь зэрэг говийн аймагт түлхүү хуримтлагдсан уу?
-Өмнөговь аймгийн нутагт л ашигт малтмалын нөөц бий гэж ойлгож болохгүй. Судалж мэдсэн нь л тэр юм. Мөн тус аймаг тал нутаг учраас дэд бүтэц барих, уул уурхайн олборлолт хийхэд харьцангуй бага хөрөнгө зарцуулж, бэрхшээл бага тулгардаг гэж болно. Гэтэл уулархаг нутагт хайгуул, олборлолт хийхэд зардал их гарч, өндөр үнэтэй технологи нутагшуулах хэрэгцээ үүснэ. Мөн олборлосон бүтээгдэхүүнээ ямар замаар, хаана хүргэн борлуулах, эсвэл боловсруулах асуудал хөндөгдөнө. Ер нь цаашид нутгийн ихэнхэд хайгуулын ажлыг өргөн далайцтай явуулах хэрэгтэй. Тэгж байж л бид баялаг болон нөөцийн хэмжээгээ тооцно.
Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахтай холбоотойгоор газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлага зайлшгүй байна. Газрын тосны судалгааг манайд 1940-өөд онд эхлүүлсэн ч тууштай ажиллаж чадалгүй, завсардсаар одоогоор дөрвөн орд л илрүүлсэн байдаг. Манайд газрын тосны нөөц бий. Харин хайгуулыг тасралтгүй хийж, шинэ орд олж, үйлдвэрийн түүхий эдээ хангах боломж бүрдүүлэх хэрэгтэй. Өдгөө мэдэгдэж буй газрын тосны нөөцийн дүн, олборлож байгаа хэмжээгээр бол бид боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах, эсэх нь эргэлзээтэй.