
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын шав өчигдөр тавилаа. Хүн ам ихээр төвлөрсөн тус хороо нь улсын ганцхан сургуультай боловч тэр нь хүрэлцээгүй, мөн төрийн өмчийн цэцэрлэггүй аж. Тус хорооны оршин суугчдын шаардлагыг үндэслэн, сонгогдсон төрийн түшээд, хотын удирдлага энэ асуудалд хамтран ажиллаж, газрын маргааныг нь шийдсэнээр ийнхүү сургууль барихаар болов. “Golden light” групп улсын төсвийн 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэх аж. Тус группийн ерөнхий захирал С.Алтангэрэл “Сургуулийн барилгыг 2024 оны зун ашиглалтад оруулах гэрээтэй. Хэрэв хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэл хугацаанаас жилийн өмнө ашиглалтад оруулна. Газрын нөхцөл байдлаас шалтгаалаад 640 хүүхдийн багтаамжтайгаас илүүг барих боломжгүй. Барилгыг гурван давхар, спортын хоёр заалтайгаар төлөвлөсөн” гэв. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд байдаг ч сурагчдын олонх нь харьяаллын бус сургуульд явдаг. Нийслэлийн Боловсролын газрын ерөнхий боловсролын сургуулийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай “26 дугаар хороонд энэ онд 920 хүүхдийн сургууль, 330 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Мөн “Монгол тэмүүлэл” сургуулийн байр ашиглалтад орно” гэсэн мэдээлэл өглөө.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал