
Киргизстаны Бишкек хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн АШТ-ий гурав дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр хожсон ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагдсан. Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар буулган авч, манай бөх шагналын тавцанд зогсов. Охидоос хүнд жин болох 73 кг-д Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн Н.Баяржаргал Узбекистаны Севинч Розикова цэвэр дарж, мөн хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо. 17 хүртэлх насныхны тэмцээнд Энэтхэгийн бөхчүүд багаараа алт (235) Японых мөнгө (143), монголчууд (138 оноо) III байрт шалгарч, хүрэл цом гардав.