
Бельгийн Антверпен хотод эхэлсэн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 20 баг оролцож байгаа. Энэ сарын 26-нд өндөрлөх тус тэмцээний хэсгийн шатанд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Литва, Герман, Тайвань, Чилийн тамирчидтай “B” хэсэгт бичигдсэн. Эмэгтэйчүүд эзэн орноос гадна Польш, Египет, Домини каны шигшээтэй С хэсэгт өрсөлдөх аж. Эрэгтэйчүүдээс чансааг Сербийн шигшээгийнхэн тэргүүлж буй. Дэлхийн аваргын тэмцээнд өмнө нь дөрвөн удаа түрүүлсэн тэд үзэгчдийн анхаарлыг татах нь лавтай. Сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд Токиогийн олимпод анхны цомоо өргөсөн Латви, аваргаа хамгаалагч АНУ-ын шигшээг онцолж байгаа. Эл таамгийг эвдэх магадлалтай багуудын эгнээнд манайхан ч жагсаж байна. Монголын эмэгтэйчүүд эхний тоглолтоо зохион байгуулагч орныхонтой өчигдөр хийсэн бол эрэгтэйчүүд тайваньчуудтай өнөөдөр тоглоно.