
Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын I лигийн тэмцээнд 10 клубийн тамирчид таван сарын турш ур чадвараа сорьж, тоглолтоо өндөрлүүллээ. Энэ удаа шилдэг шүүгчээр А ангиллын шүүгч Б.Логьшир, хаалгачаар “Халиун-Од” клубийн Б.Баянбат, довтлогчоор “Хан-Уул”-ын Б.Цогтбаатар тодров. Тоглолтод бусдыгаа хошуучилж, 95 гоол оруулсан “Шинэ Налайх”-ын Б.Далайсугар, Н.Майдар нар шилдэг тоглогчийн шагнал хүртсэн байна. 18 тойрог үргэлжилсэн тэмцээнд А.Түвшинтөгс дасгалжуулагчтай “Капитрон” клубийнхэн медалиас мултарч IV байрт жагссан. Тэдэнтэй адил 31 оноотой М.Батсүрэн дасгалжуулагчтай “Шинэ Налайх”-чууд хүрэл медаль атгаж, П.Мөнхбат дасгалжуулагчтай “Халиун-Од”-ынхон 40 оноотой удаалан дээд лигт дэвших болжээ. Тэгвэл Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай “Хан-Уул” клубийнхэн (48 оноо) аваргын цом өргөснөөр дээд лигт оролцох эрх өвөртөллөө.