Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай бус, ерөнхий боловсролын ердийн сургуульд суралцах эрхээр хангасан нь манай улсын боловсролын салбарт хувьсал гэж нэрлэж болохуйц үйл явдал болсон. Үүний ачаар хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд энгийн сургуульд бусадтай адил мөр зэрэгцэн сурч буй. Гэвч тэдэнд бэрхшээл тулгарсан хэвээр. Тэргэнцэртэй сурагчдад налуу зам хэрэгтэйгээс эхлээд шатаар дээш, доош өгсөхөд асуудал тулгарч байна. Сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах багш, ном, хэрэгсэл шаардлагатай байгаа юм. Энэ мэт нүдэнд харагдах асуудлыг шийдвэрлэх гарц бий. Харин нүдэнд харагдахгүй бэрхшээл буюу тэдэнтэй харилцах хандлагаа хэрхэн өөрчлөх вэ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахдаа өрөвдөх, эсвэл дорд өнгө аясаар хандах тохиолдол одоо ч гарсаар буй. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэн эерэг хандах талаар сурвалжиллаа.
Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй багш ажилладаг. Түүнийг Д.Золзаяа гэдэг бөгөөд монгол хэл, уран зохиолын багш. Боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж буй түүний шавь нарын төлөөлөлтэй уулзахаар тус сургуулийг зорив. Зуны амралт эхэлсэн тул сургууль орчим эл хуль. Дотор нь ахлах ангийн хэдэн сурагч, цөөн тооны багш л харагдана. Хэдийгээр хичээл амарсан ч багшаараа төлөөлүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар дуу хоолойгоо хүргэхээр ирсэн 8а ангийн сурагч Б.Ундармаа, 10д ангийн сурагч Г.Тэлмүүн нартай уулзсан юм. Анги удирдсан багшийнхаа талаар Б.Ундармаа ийн ярив. “Би зургадугаар ангидаа өөр сургуулиас шилжиж ирсэн. Анх багшийг харахад тайрмал үстэй, нүдний шилтэй, гартаа таягтай байсан. Тэр үедээ багшийг хөлөө гэмтээчихэж гэж бодож байв. Гэтэл бага байхад нь хөл нь өвдөж, тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон гэдгийг сүүлд мэдсэн. Энэ бэрхшээл нь хичээл заахад ямар ч хүндрэл учруулдаггүй бөгөөд харилцааны асуудал гардаггүй. Бусад багшаас ялгаагүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хүүхдэд багаас нь хэлж, ойлгуулж өгөх хэрэгтэй санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс ч гэсэн сурах зүйл маш их байдаг. Сурагчид хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголтгүйгээс болж тийм хүүхэд сургуульд нь шилжиж ирэхэд гайхаж, эвгүйцсэн байдалтай ханддаг. Мөн тэргэнцэртэй хүн автобусанд суухад маш хэцүү. Шат нь өндөр. Бүх автобусыг налуу шаттай, албан байгууллагуудыг мөн адил зориулалтын зам, талбайтай болгоосой гэж хүсэж байна” хэмээн ярив.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцахдаа бид ямар алдаа гаргадаг талаар Г.Тэлмүүнээс асуухад “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрөөр харж, ялгаатай харилцах нь тэднийг ялгаварлан гадуурхаж буй хэлбэр. Надад тархины саажилттай нэг найз бий. Би тэр найзыгаа бусдаас өөр гэж боддоггүй учраас өрөвдөж харьцдаггүй. Бусад найз шигээ л тоглож, хамтдаа цагийг өнгөрүүлдэг. Мөн манай сургуульд хоёр суга таягтай хүүхэд сурдаг. Гэвч түүнд ангийнхан нь тусалдаг болохоос биш, бусад сурагч төдийлөн санаа тавихгүй байгаа харагддаг. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээврээр зорчиход хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их асуудалтай тулгардаг шүү дээ. Хүмүүсийн хандлага жижиг зүйл дээр ч мэдэгддэг. Шинэ үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуус минь эерэг хандлагатай байгаасай. Хөгжлийн бэрхшээл бол тэр хүнийг тусгаарлах шалтгаан биш, харин ч нийгэмдээ илүү ойр байж, бусдаасаа ялгаагүй гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Тиймээс зөвхөн хандлагаа өөрчлөөд зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин, нөхцөл бүрдүүлэх нь чухал” гэв. Тэрбээр Д.Золзаяа багшийг хичээлээ маш сайн тайлбарлаж заадаг учраас бэрхшээлтэй гэдгийг нь анзаардаггүй тухайгаа онцолсон. Багшийнхаа талаар ярихдаа “Би анх монгол хэл, монгол бичгийн хичээлээ сонирхдоггүй байсан. Гэтэл Д.Золзаяа багш Завхан аймаг руу монгол хэлний олимпиадад хүүхэд авч явахаар болсон юм. Сонгон шалгаруулах шалгалтад нь би тэнцсэн. Багш минь биднийг өдөр бүр 06.00-12.00 цаг хүртэл олимпиадад бэлдүүлдэг байв. Их шаргуу, дайчин. Багшийг заримдаа таягтай гэдгийг нь ч мартчихдаг” хэмээсэн.
Д.Золзаяа багш өвчний улмаас багадаа явж чаддаггүй байж. Аав, ээж нь рашаан сувилалд амрааж, уйгагүй асарсны хүчинд хөл дээрээ босжээ. Өмнө нь таяг тулахгүйгээр явж чаддаг байсан бол одоо таяггүй явж чадахаа байсан гэнэ. Ажиллахад ямар бэрхшээл учирч буй талаар түүнээс лавлахад “Шатаар байнга дээш, доош явахад хөл өвддөг. Гэхдээ зовлон тоочоод байвал асуудлын ард гарахгүй. Энгийн хүмүүстэй ижил түвшинд хүрэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү их хөдөлмөрлөдөг юм шиг санагддаг. Би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож нийгмээс тусгаарлаж байгаагүй. Илүү хичээх ёстой л гэж боддог байсан. Аав ээж минь намайг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдрүүлээгүй, бүх л зүйлд оролцуулдаг байлаа. Хүмүүс ялгаатай хандлага, үйлдэл гаргавал зайгаа бариад өөрөө холдоод явчихдаг. Багшийн нэр төрийг унагахгүй, өндөрт өргөж явна гэдэг том хариуцлага. Хүүхдүүд их хөөрхөн. Шатаар буухад “Багш аа, сугадаад буух уу, цүнхээ өгчих” гэж хэлдэг юм. Хүмүүсийн хандлага эерэг болж байна. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, чадвартай хүнийг хөгжлийн бэрхшээлтэй байсан ч ажиллуулах сонирхол их болж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, сурагч, оюутан, ажлын гараагаа эхлэх гэж буй залууст хандаж хэлэхэд өөрийгөө бусдаас бүү дорд үз, өөрөө өөртөө ялгаатай хандах хэрэггүй. Бусадтай адилхан л гэж аливаад хандвал амьдрал яг л ижилхэн сайхан байдаг шүү” гэв.
“ХҮЛЭЭЦТЭЙ БАЙЖ ЧАДВАЛ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНТЭЙ ОЙЛГОЛЦОХОД АСУУДАЛГҮЙ”
“Томүжин альтернатив” сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Анужинтай уулзсан юм. Түүний аав, ээж нь хоёулаа сонсголын бэрхшээлтэй. Тэдэнд ямар асуудал тулгардаг, хүмүүс хэрхэн харилцдаг талаар тэрбээр хамгийн сайн мэднэ. А.Анужин “Миний бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бусдаас өөрцгүй адилхан хандах нь зүйтэй. Бэрхшээлийг нь ямар нэгэн байдлаар тодотгож гаргаж ирэх нь тухайн хүнд маш хүндээр тусдаг. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүнтэй ойлголцоход харилцааны асуудал үүсдэг ч түүнтэй ярилцахыг хүсэж буйгаа мэдрүүлэхэд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Сонсохгүй юм чинь гээд ууртай, бухимдсан царай гаргавал тэдэнд хэцүү санагдана гэдгийг бүү мартаарай. Хүмүүс хүлээцтэй байж чадвал ямар ч төрлийн бэрхшээлтэй хүнтэй харилцаж, ойлголцож чадна. Манай ангийнхан аав, ээжийг минь сонсголын бэрхшээлтэй гээд намайг гадуурхах зэргээр таагүй үйлдэл гаргаж байгаагүй. Харин аав, ээж хоёрынхоо яагаад сонсголгүй болсон тухай сонсоод гунигласан. Намайг ухаан орох цагаас л тэд минь ярьдаггүй, сонсдоггүй байсан учраас би дохионы хэлээр л хэлд орсон гэхэд болно” гээд инээмсэглэв. Түүн шиг аав, ээжийнхээ сонсох чих, харах нүд, алхах хөл, тэврэх гар нь болсон хүүхдүүд цөөнгүй.
“ХУЛАНГ ХИЧЭЭЛДЭЭ ИРЭЭГҮЙ ҮЕД АНГИАРАА ҮГҮЙЛДЭГ”
Найзынхаа тухай ийнхүү ярьсан охиныг Ц.Ингүүнмэл гэдэг. “Хүрээ тулга” сургуулийн 7А ангийн сурагч. Түүний ангийн найзыг Г.Хулан гэдэг. Тэрбээр ДЦП буюу тархины саажилттай. Тэд хамтдаа нэг ангид зургаан жил сурчээ. Энэ талаар Ц.Ингүүнмэл “Хуланг анхманай ангид шилжиж ирэхийн өмнө багш минь “Та нар найзуудтайгаа яаж харилцдаг билээ, тэрэн шигээ л Хулантай харилцаарай. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч оюун ухаан нь эрүүл, та нартай л адилхан шүү” гэж хэлсэн. Манай ангийнхан түүнийг ер гадуурхаж байгаагүй, найзалж, дэмжиж тусалдаг. Хулан дөлгөөн зантай, эерэг хандлагатай охин. Өөрийнхөө хийх ёстой зүйлийг хамгийн сайнаараа хийгээд, ангийнхандаа төвөг учруулдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидний эргэн тойронд олон байгааг нь мэддэггүй байж. Хулан бидэнд “шинэ ертөнц” болсон. Манай анги гуравдугаар давхарт байрладаг. Ээж нь Хуланг ганцаараа өргөж дийлэхгүй болсон. Түүнийг сургуульдаа ирээгүй үед ангийнхан үгүйлдэг юм. Хичээлдээ ирэхгүй өдөр нь бүгд санаа зовдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлж, бидэнтэй адил сурч хөгжих, эрхийг нь илүү сайн хангаасай. Тэднийг “өөр” нүдээр бүү хар. Бид адилхан агаараар амьсгалж, нэг дэлхийд амьдарч байгаа шүү дээ. Хүмүүсийг ялгаж харилцах хамгийн муухай” гэв. Анги хамт олныхоо итгэлийг хүлээж, хайрыг татсан Г.Хулан загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй. Тэрбээр “Ангийнхан минь надад тусалдаг болохоор сурахад сайхан. Гэхдээ шатаар дээш өгсөх хэцүү байдаг. Өмнөх сургуульд маань нэг ангид олон хүүхэд сурдаг учраас хичээлээ ойлгоход хүндрэлтэй байсан. Тиймээс хоёрдугаар ангиасаа “Хүрээ тулга” сургууль руу шилжсэн юм. Нэг ангид цөөхүүлээ учраас хичээлээ ойлгоход, багштайгаа харилцахад амар. Би чөлөөт цагаараа хувцас оёж, загвар зохион бүтээх дуртай. Багадаа чихмэл тоглоом, хүүхэлдэйндээ хувцас оёдог байв. Гэхдээ утас, зүү ашиглахгүйгээр зөвхөн хайчаар хувцас урладаг. Хүмүүс тэргэнцэртэй хүнийг оюун ухаан муутай мэтээр хандаж, харилцах юм. Бусадтай харилцдаг шигээ адилхан байгаасай гэж хүсдэг. Ялгаж биш” гэв. Үргэлж өөрийг нь дэмждэг ээжээсээ эрч хүч, урам зориг авдаг болохоо тэрбээр хэлсэн. Зөвхөн гэр бүлийнхэн нь гэлтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эерэг харилцах, хандлагаа өөрчлөх боломж хэнд ч нээлттэй байна.
Бэлтгэсэн Ч.Болортуяа