Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Life @ХААН Банк: Тэнцвэрийг тэгшитгэх орон зай

2022-06-30

Бидний амьдарч буй дэлхий нарны аймгийн гурав дахь гараг. Амьд организм үүсэж, амьдрал цэцэглэхэд төгс байрлал: нарнаас хэт хол биш, хэт ойр биш. Дэлхийн таталцлын хүч ч мөн адил. Байгаагаасаа ялимгүй сул, эсрэгээрээ ялимгүй хүчтэй байсан бол яах вэ? Бидний мэдэх өнөөгийн ертөнц, шим мандал оршин тогтноход шаардлагатай бүх зүйлс тэнцвэртэй, зохист хэмжээнд байгаа мэт. Огторгуй ертөнцийн энэхүү зүй тогтлыг дагавал хүмүүний амьдрал ч ялгаагүй тэнцвэртэй байж гэмээнэ “төгс” болдог биз.

Тиймээс ХААН Банк орон даяар буй 547 салбар нэгжийн 6000 гаруй ажилтан тус бүрийн амьдрал, сэтгэл зүй, биеийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг эн тэргүүнд тавьдаг. Хар цагаан, халуун хүйтэн, өдөр шөнө гэх мэт аливаа зүйлийн хосолмол шинж чанар, тэнцвэр, зохилдохуйг илэрхийлэх арга билиг банкны үндсэн логонд байршдаг нь ч тэнцвэртэй холбоотой. Өдрийн гуравны нэгийг өнгөрүүлдэг ажил дээрээ мэргэжлийн төдийгүй хувь хүнийхээ хувьд өсөж хөгжин, сэтгэл хангалуун, тэнцвэрт амьдралыг босгоход ХААН Банк ажилтнуудаа бүх талаар нь дэмжин ажилладаг.

Сонирхлыг тэлэх клубууд

ХААН Банк ажилтнуудын хувьд зөвхөн ажил хийх гэж ирдэг газар биш юм. Хүсэл сонирхлоороо нэгдсэн найзуудтайгаа уулзаж ярилцан, үзэл бодлоо солилцож, бодсон санаснаа ажил хэрэг болгодог орон зай. Бүжгийн клуб, номын клуб, төрөл бүрийн спортын клуб гээд чөлөөт цагаа дуртай зүйлээ хийн зөв зохистой өнгөрүүлэх боломж хүн бүрт нээлттэй. Спортын клубүүд долоо хоног бүр бэлтгэлээ хийж, бүжгийн клуб улирал тутам сургалт зохион байгуулдаг. Таалагдсан номоо уншиж, тухайн номын зохиолчтой нь ярилцах боломжийг номын клуб олгодог. Амралтын өдөр бүр ууланд гарч, гараагүй өндөрлөгт хүрч үзэх хүсэлтэй бол “hiking” клубт нэгдэж болно. Энэ мэт таны нэгдэж болох клуб зөндөө. Эдгээр зүйлийг хийж үзээгүй ч гэсэн өөрийн амьдралдаа шинэ салхи оруулж, шинэ хоббитой болмоор байвал хүссэн клубтээ элсэн орж, хувь хүнийхээ хувьд өсөх боломж нээлттэй.

Дурсамж бүтээх цаг хугацаа

Бидний амьдралд насан туршдаа санаж явах, баяр хөөртэй тэмдэглэлт үйл явдлууд олон тохиолдоно. Тэр бүрийд ажилдаа санаа зоволгүй, нандин дурсамж үлдээх боломжийг ХААН Банк бий болгосон. Гэрлэлтээ батлуулсан шинэхэн хос ажлын тав хоногийн чөлөө авч бал сараа баяртай өнгөрүүлж болно. Төрсөн өдөр тань тохиож буй бол төрсөн өдрийн амралтаа авч, ойр дотныхоо хүмүүстэй баяраа дурсамж дүүрэн тэмдэглэж болно. Өөр ямар нэгэн сайхан зүйл тохиолдвол “ХААН өдөр”-өө авч, тухайн өдрийг зөвхөн өөртөө зориулах боломж ажилтан бүрд бий. Өөрөөр хэлбэл, эдгээр онцгой өдрүүдэд цалинтай амардаг гэсэн үг юм.

Тэнцвэртэй аж төрөхүй

Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явж буй аз жаргалтай ажилтан бол ХААН Банкны үнэт зүйл. Гэр бүл, найз нөхөдтэйгөө үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрүүлж, сурч хөдөлмөрлөх, амрах ажиллах цагийг зөв зохистойгоор хуваарилах боломж ХААН Банкны ажилтнуудад бий. Ажиллахын хажуугаар суралцахыг хүсвэл ХААН Банкны ажилтнууддаа өгдөг тэтгэлэгт хамрагдан та энэхүү зорилгоо гүйцэлдүүлж болно. Дуртай газраа, хүссэн орчноосоо тухтай орчноо бүрдүүлэн тааламжтай ажиллахыг илүүд үздэг хүмүүсийн хүсэлд нийцүүлэн зайнаас ажиллах сонголтыг ХААН Банк ажилтнууддаа өгөхөөр ажиллаж байна.

Түүнчлэн өглөө дасгал хийх, хүүхдүүдээ сургуульд нь хүргэх зэрэг шалтгаанаар ажлаа 9 цагт эхлүүлэх тохиромжгүй байгаа бол 7-10 цагийн хооронд ажлын цагаа эхлүүлэх бүрэн бололцоотой. Амьдралын хэв маяг, идэвхтэй, бүтээлч байдаг үеэс хамааран та уян цагаар ажиллах боломжтой юм. Ингэснээр танд ажлын цагаа бүтээмжтэй өнгөрүүлж, өөртөө болон бусад хүмүүст цагаа зориулахад хялбар болох болно.

ХААН Банк бол өсөн хөгжих, мэргэжлийн хувьж дэвшин дээшлэх, сурч боловсрох, амрах зугаалах зэрэг бүхий л хэрэгцээгээ энэ тэнцүүхэн авч явах газар. Мэргэжлийн хувьд өөрийн санаачилсан зүйлийг хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэн, ажлын хамт олонтойгоо том зорилгын төлөө алсын хараатай ажиллах талбар. Шинэ зүйл туршиж үзэн, өөрийгөө нээж, найз нөхөд, хамтрагчаа олох, өөрийн ертөнцөө тэлэх боломж ХААН Банканд бий.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк