Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Туулын эргийг “Мишээл” шиг тохижуулах сан

2022-08-02

Улаанбаатар хот шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй болоод жил орчмын хугацаа өнгөрлөө. Хотжилт, хэт төвлөрлийн балгаар чөлөөтэй алхах газар, амьсгалах цэвэр агааргүй шахам болтлоо орчны дарамтад өртсөн нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болсондоо баяртай байгаа. Энэ бол Хан-Уул дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт орших “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн юм. Үүнийг “Мишээл групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд, харилцагч 100 гаруй байгууллагынхаа тусламжтайгаар байгуулжээ.

Агаарын болон явган хүний зам, алсыг харах цамхаг, ширээ, сандал, сүүдрэвч бүхий түр амралтын цэг, сагс, волейболын болон хүүхдийн тоглоомын талбай, голын урсгал ажиглах зориулалттай тавцан гээд амрагч, аялагчдад зориулсан бүхнийг тэнд бий болгосон байна. Хамгийн гол нь энэ бүгдийг хийхдээ Туул голын экосистемийг хөндөлгүй, унаган төрхийг нь алдагдуулалгүйгээр байгалийн жим ашигласан аж. Тодруулбал, хүний нөлөөнд өртсөн хэсгүүдэд тохижилтын ажил хийж, байгалийн төрхөөрөө буйг нь хэвээр үлдээжээ.

“Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн байгуулах санаачилгыг нийслэлийн ЗДТГ гаргаж, газрын асуудлыг нь шийдсэн бол тохижилтын зардлыг нь дээрх компани бүрэн хариуцжээ. 110 мянган ам метр бүхий талбайг тохижуулахад 2.1 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Өдгөө тэнд худалдаа, үйлчилгээний газрууд ч бий болжээ. Ундаа, цэвэр ус, мөхөөлдөс, шорлог, айраг, хуушуурын цэгүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан бөгөөд тэдгээр нь бүгд зориулалтын орчинд үйлчилгээ үзүүлж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийнх шиг үүргийн худалдаа эрхлэгч тэнд алга. Мөн иргэдэд чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломж олгох зорилгоор завин аялал зохион байгуулж, амьтны хүрээлэн ажиллуулан, сур харваа, бий биелгээ, уран бичлэг, гар урлалын “хичээл” зааж байна.

Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хэмээн тодотгосны учир нь тэндхийн экосистемийг хэвээр нь хадгалж, хамгаалан, нийслэлчүүдийг байгальтай ойртуулах зорилготой холбоотой гэнэ. Угаасаа нийслэлээс ийм хүрээлэн байгуулах санаачилга гаргахдаа “Иргэдэд амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх газар бий болгох, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад практик сургалт хийх зорилготой” гэж тодорхойлж байж. “Мишээл групп”-ийнхэн ч “Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл, хөрөнгөөр бүтсэн энэхүү хүрээлэн нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ургамал болон амьтны аймгийг тогтвортой болгох, нөхөн сэргээх зорилготой” хэмээн онцолсон юм.

Тус хүрээлэнгийн үйл ажиллагааг байгаль орчны мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг хариуцдаг аж. Тэд өнгөрсөн хугацаанд (2021 оны хавар ашиглалтад оруулснаас хойш) Комаровын голтбор, сибирь шинэс, гацуур, одой хайлаас, яшил навчит агч, ачлагын болон хөх монос, тэсхээ тэсмэг зэрэг ховор ургамлыг цэцэрлэгт хүрээлэндээ тарьжээ. Өдгөө тэнд дуут шувуу нутагшуулахаар үүр барьж, бэлтгэлээ базааж байгаа гэнэ. 16 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад хүн тус цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийн тулд 1000 төгрөгийн хураамж төлдөг. Энэ мөнгийг ногоон байгууламж, цэцгийн мандал арчлах, ховор амьтан, ургамал нутагшуулах болон цэвэрлэгээ, үйлчилгээний бусад ажилд зарцуулдаг юм байна.

Тэнд очсон хүмүүс хэд хэдэн дүрэм баримтлах ёстой. Нохой, муур зэрэг тэжээвэр амьтан дагуулж орох хориотой. Амьтдын ялгадас голын ус бохирдуулах эрсдэлтэй учир ийншийджээ. Ил гал гаргаж, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Түймэр, усны осол зэрэг болзошгүй аюулаас сэргийлж байгаа нь энэ юм. Бүх төрлийн дугуй, мопед унахыг хориглодог. Ногоон байгууламж талхлагдаж, сүйдэхээс сэргийлж буй нь тэр. Түүнчлэн ургамал, амьтдаа хүний хөлөөс хамгаалахын тулд голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг дагуулан олсоор хашаа татаж, “Хориглоно” гэсэн бичиг хаа сайгүй байршуулсан байв. Хогийн сав, ариун цэврийн байгууламжийг ч стандартын дагуу байршуулжээ.

“Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээр аялж байхад “Цаашид Туулын эргийг яг ийм загвараар тохижуулаасай” гэсэн бодол эрхгүй төрсөн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Туул голын эрэг дагуух 15 байршил бүхий 27 км газрыг тохижуулахаар төлөвлөөд буй. Үүний нэгийг нь бүрэн дуусгасан. Хоёр дахийг нь яг одоо тохижуулж байгаа. Үлдсэн 13-ынх нь ажлын болон зургийн даалгаврыг баталсан ч хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй.

Тохижуулахаар сонгосон 15 газраас хамгийн түрүүнд ашиглалтад оруулсан гэх газар нь өдгөө үүргийн худалдаачнаар дүүрч, хог хаягдалдаа дарагдчихаад байна. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Маршалын гүүрний баруун хэсэгт байх уг газар (1.5 км)-ыг анх бичил цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг болгоно хэмээн ярьж байлаа. Гэтэл бодит байдалд хэдэн саравч, хүүхдийн тоглоомын талбайгаас өөр дорвитой хийсэн ажил алга. Амралтын өдрүүдэд хогонд дарагдаж, ариун цэврийн байгууламжийнх нь өмхий үнэр тэр хавиар нэг тархдаг юм билээ. Үүнээс гадна ил задгай худалдаа эрхлэгчид хуушуур, шорлогийн үнэрээр хачир нэмдэг. Харьяа дүүргийнх нь тохижилт, үйлчилгээний ажилтнууд тухайн хэсгийг хариуцдаг ч тогтмол цэвэрлэж, хянаж чаддаггүйгээс ийм байдал нүүрлэжээ. Мөн зогсоол хүрэлцээгүйгээс болж иргэд авто зам дээр машинаа байршуулж, зорчих хөдөлгөөнд саад учруулан, түгжрэл үүсгэдэг. Үүргийн худалдаачид нь ч зам дээр “тухалчихдаг” юм билээ. Үндсэндээ тус газар амралт, зугаалгын бүс, цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүү худалдааны цэг шиг болсон. Дараа дараагийн газрыг тохижуулахдаа энэ алдаагаа давтахгүй байхад анхаарах нь чухал. “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн шиг байнгын эзэнтэй, оновчтой зохион байгуулалттай, байгаль орчинд халгүй, тав тухтай орчин бүхий газар л нийслэлчүүдэд хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, “АСЕМ Вилла” хотхоны баруун хэсэг дэх Туул голын эрэг дагуух 3.6 га талбайг амралт, зугаалгын бүс болгож тохижуулах ажил яг одоо өрнөж байна. Гүйцэтгэгчээр “Бизнес фокус” компани ажиллаж буй. Энэ хэсгийг тохижуулах зураг төслийн уралдааныг нийслэлээс зохион байгуулж, олон залуусын бүтээлээс шилдгийг нь сонгосон. Бүх ажлыг нь зураг төслийн дагуу хийвэл, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын хэлсэнчлэн мэргэжилтнүүд экологи, геологи, геодезийн цогц судалгаанд үндэслэн тухайн ажлыг төлөвлөсөн бол энэ нь үнэхээр байгальд ээлтэй, нийслэлчүүдэд хэрэгтэй бүтээн байгуулалт болох талтай. Гэвч манайхан төлөвлөгөө, төсөл гэж нүд булаам сайхан зураг, загвар танилцуулчихаад түүнийгээ бодит байдалд буулгаж чаддаггүй гэмтэй. Сэлбэ голыг амралт, зугаалгын бүс болгож тохижуулах, урсцыг нь сайжруулж, орчныг нь хамгаалах зорилготой өчнөөн төсөл, хөтөлбөр, “гоё” зурагтай өнгөрсөн хугацаанд нийслэлчүүд танилцсан шүү дээ. Заримыг нь хэрэгжүүлсэн, туршсан. Гэтэл өдгөө Сэлбэ амьтай голтой буй. Тиймээс нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын ойр орчмын бүтээн байгуулалтад тун хянамгай, тооцоо, судалгаатай хандах хэрэгтэй санагдана.

Дээрх бүсэд хийж буй тохижилтын ажил өдгөө 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, саравч, гүүр төдийхнийг байгуулжээ. Цаашид үйлчилгээний, тоглоомын, спортын талбай, автомашины зогсоол, амфитеатр, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж бий болгох гэнэ. Энэ бүхнийг хийхдээ эзний сэтгэлээр хандаасай, “Мишээл”-ээс үлгэрлээсэй гэж чин сэтгэлээсээ хүслээ.