Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Энх-Амгалан: Энэ жил бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна

2022-08-09

БШУЯ-наас энэ жил цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан: цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар "Засгийн газар хэмнэлтийн хууль баталж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд баталсан. Монгол Улсын хэмжээнд 303 мянган хүүхэд цэцэрлэгийн настай. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34486 хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын "Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдав. Хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаанд хамрагддаг тогтолцоо байсан. Тэгвэл өнөөдөр бид сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 26643 хүүхэд, 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болоод байна" гэлээ. 

Мөн боловсролын тэгш байдлыг хангахын тулд цэцэрлэгт бүртгэх үйл ажиллагааг цахимаар явуулах аж.

Иргэд амьдарч буй хаяг, түр оршин суугчын хаягаа баталгаажуулах хэрэгтэй гэнэ. Ингэснээр ямар нэгэн ашиг сонирхол "арын хаалга" байхгүйгээр бүх хүүхэд автомат системээр бүртгүүлж, цэцэрлэгтээ хамрагдах аж. Бүртгэлээ баталгаажуулж амжаагүй хүүхдүүдийн бүртгэлийг сар бүр хийх талаар БШУЯ-наас мэдээллээ.