Австрийн Вена хотын алдарт Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн камер чуулга Монголд анх удаа ирж, тоглолтоо толилуулах нь. Манай үзэгчдийн дунд Сиси хатан хааны ордон гэдгээрээ эчнээ танил болсон тус чуулгын уран бүтээлчид Венийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдийг Улаанбаатарт эгшиглүүлэх аж.
“Венийн гала концерт” ирэх сарын 2, 3-нд 19.00 цагт “Түмэн эх” өргөөнд болох бөгөөд суут хөгжмийн зохиолч И.Штраусын “Үзэсгэлэнт хөх Дунай”, “Хаврын дуу хоолой”, “Өмнөд нутгийн сарнай”, Ф.Легарын “Алт ба мөнгө” вальс, “Радецкийн марш” тэргүүтэй дэлхийн сонгодог урлагийн шилдэг туурвилуудыг өргөн барих юм. Эл тоглолтын онцлох хэсэг нь Австрийн сонгодог хөгжим, Монголын үндэсний язгуур урлагийг нэг тайзнаа хослуулсан үзүүлбэр аж. Тодруулбал, Шёнбрунн ордны камер чуулга “Түмэн эх”-ийнхэнтэй хамтран хоёр орны хөгжмийн уламжлалыг хослуулсан бүтээлүүдээ үзэгчдэд хүргэнэ. Монгол дахь Австрид төгсөгчдийн “Эрдэм” холбооноос “Хил хязгааргүй хөгжим” санаачилгын хүрээнд зохион байгуулж буй эл тоглолтын тасалбарын орлогын тодорхой хувийг залуу уран бүтээлчдийг чадавхжуулах мэргэжлийн мастер класс сургалтад зарцуулахаар төлөвлөжээ.
Шёнбрунн нь Австрийн эзэн хаадын зуны ордон байсан бөгөөд хөгжмийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Тус ордны Оранжери танхимд суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 1786 онд эзэн хаан II Иосефын хүсэлтээр Антонио Сальеритай өрсөлдөж байжээ. 1754 онд барьсан уг танхим нь эзэн хааны ёслол, хүлээн авалтын гол өргөө байв. Харин дээрх сонгодог хөгжмийн чуулгыг 1997 онд байгуулсан бөгөөд өнөө жил 10 мянга дахь тоглолтоо толилуулахаар зэхэж буй аж.
У.Сүрэн