Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Даралтын эмд дасал болох уу, дадал, зуршлаа өөрчлөх үү

“Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэсэн үгийг монголчууд хааяагүй хэрэглэдэг. Харин эмч нар “Эрүүлийг хүсвэл идэвхтэй хөдөл, хөдөлмөрлө, зөв хоолло” гэж иргэдэд зөвлөж байна. Энэ нь ч учиртай. Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчин, эмгэгийн дийлэнх нь иргэдийн амьдралын буруу дадалтай холбоотой аж. Тухайлбал, хорт зуршлын хэрэглээ, илүүдэл жин, стресс, идэвхгүй хөдөлгөөн зэрэг нь голлон нөлөөлж буйг олон судалгааны дүн харуулсаар буй. Тэр дундаа монголчуудын өвчлөл, нас баралтын эн тэргүүнд сүүлийн бараг 30 жил бичигдсээр ирсэн зүрх, судасны эмгэг, түүний дотор үргэлж өндөр үзүүлэлттэй гарсаар буй цусны даралт ихсэх өвчний тархалт нь дээрх хүчин зүйлтэй салшгүй холбоотой. Уг нь эл өвчнөөс сэргийлэх арга зам нь тодорхой, хүн бүр ч хэрэгжүүлж болох атал хэн ч нөхцөл байдлыг өөрчлөх гэж хичээхгүй байгаа нь хачирхалтай.

Жил бүр 10 мянган хүн тутамд зүрх, судасны эмгэгийн 900-1000 тохиолдол нэмж оношлогдсоор байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2021 оны судалгаанд дурджээ. Зүрх, судасны эмгэгээс үүдэлтэй эрт нас баралтыг бууруулах зорилтыг манай улс тавьсан ч лав ойрын 10 жилд үүндээ хүрч чадахгүй болсныг дээрх үзүүлэлтээр онцолж. Зүрх, судасны тогтолцооны эмгэгийн бүтцийг харвал өнгөрсөн онд артерийн буюу цусны даралт ихсэх өвчин 51.6 хувийг эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, манайд зүрхний өвчтэй хоёр хүн тутмын нэг нь даралт ихсэх эмгэгтэй болсон гэсэн үг. Номхон далайн баруун бүсийн олонх улс орон уг өвчний хор хөнөөлийг “мэдсэн” тул 2030 он гэхэд үүнээс улбаатай эрт нас баралтыг бууруулах зорилт тавьсныг бүсийн тайланд дурджээ. Гэвч манайхан эрүүл мэнддээ хайхрамжгүй, хэнэггүй ханддагаас зүрх, судасны өвчин багасах ирээдүй тун бүрхэг гэнэ. Тэгвэл зүрхний шигдээс, тархины харвалт, нас баралтад хүргэж буй артерийн даралт ихсэх өвчнөөс нийтээрээ сэргийлж болно. Хэрхэн, яаж гэдэг нь ч энгийн.

ЦУС ЦЭВЭРЛЭГЧ ХҮНС СОНГО

Юуны түрүүнд иргэдийг цусаа “цэвэр” байлгахыг эмч нар зөвлөлөө. Монголчууд “нас залуу, цус шингэн” гэж ярьдаг нь ч ийм учиртай аж. Цус өтгөрүүлэх, ханыг нь хатууруулах идээ, ундаанаас аль болох татгалзаж, эрүүл, идэвхтэй амьдрах нь чухал гэнэ. Ингэснээр таны цус үргэлж шингэн, өвчлөхгүй байх боломжтой. Мэдээж цус шингэлэх үйлчилгээтэй эмийг жоргүйгээр дур мэдэн хэрэглэж болохгүйг эмч нар хатуу анхааруулсаар буй. Цусаа шингэрснийг мэдэхгүйгээр ийм үйлчилгээтэй эм хэрэглэх нь тархины харвалт, шигдээс болгох, цус алдах зэрэг эрсдэлтэй. Харин хамгийн эрүүлээр цусаа шингэлэх шалгарсан арга нь шингэн сэлбэх юм байна. Үүний тулд танд ямар ч дусал, тариа шаардлагагүй. Зөвхөн цэвэр ус байхад л хангалттай. Тодруулбал, АНУ-ын Вашингтоны мэс засалч эмч нарын гарын авлагад бичсэнээр эрүүл хүн өдөрт дунджаар 2000-2500 мл шингэн хэрэглэдэг. Гэсэн ч өдөрт биеэс нь 1000-1500 мл шингэн шээсээр, 250 мл нь өтгөнөөр гадагшилдаг байна. Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг биеэс гадагшлуулахад шаардагдах шээсний хэмжээ багадаа 800 мл байх хэрэгтэй гэнэ. Мөн арьс, салст болон амьсгалын замаар өдөрт 750 мл ус бидэнд анзаарагдахгүйгээр ялгардгийг та мэдэх үү. Бодисын солилцоо эрчимжих, халуурах, амьсгал хэт олшрох үед ч уг хэмжээ улам нэмэгддэгийг дээрх гарын авлагад дурджээ. Тиймээс шингэний хэмжээг биеийн жингээс хамааран өдөрт 1.5-2.5 литрээр нөхөх шаардлагатай аж.
Уснаас гадна цус цэвэрлэгч хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүнүүдийг эрдэмтэд дэлхий дахинд санал болгосоор буй. Британийн Зүрхний сангийнхны хийсэн судалгаагаар байцай, өргөст хэмх, салатны навч, бууцай зэрэг нитрит ихтэй ногоон ургамлыг хүн өдөр бүр хэрэглэж хэвшвэл артерийн даралт ихсэхээс бүрэн сэргийлдэг болохыг тогтоожээ. Мөн байгалийн антибиотик гэгддэг саримс ч хүний биед судас тэлэх, сулруулах үйлчилгээтэй азотын оксид үйлдвэрлэх үйл явцыг түргэсгэдэг тул өдөрт нэг ширхгийг идэхийг зөвлөсөн байна. Арвай, овьёос, хүрэн манжин, буурцаг, хуш модны самар ч цусны даралт ихсэхээс сэргийлдэг шидтэй хүнс аж. Энэ мэт эрүүлээр, хооллох хэв маягаа багахан өөрчлөхөд л та даралтын эмээ хаях боломжтой. Зөв хүнс хэрэглэхээс гадна идэвхтэй хөдөлгөөн чухал болохыг дахин сануулъя. Үүнд өдөрт багадаа 2-4 км алхах, нэг цаг сууж ажилласан бол заавал босож, 15-20 минут дасгал хийх, согтууруулах ундаа, тамхинаас татгалзахыг зүрхний эмч нар зөвлөлөө. Харин гэнэт амьсгаадах, цээжээр хүчтэй өвдөх, цустай ханиалгах, гар, хөл хавдаж, бадайрвал эмчид яаралтай хандах нь зүйтэй гэнэ.

ЗҮРХ, СУДАСНЫ ӨВЧИН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТЭД ДАРАМТ УЧРУУЛАХ НЬ

ДЭМБ-ын өнгөрсөн оны тооцооллоор бол манай улсын 30-70 насныхны дундах халдварт бус дөрвөн төрлийн өвчний нас баралт 10 мянган хүн тутамд 30 ногдож байна. Энэ нь бүсийн орнуудын дундаж үзүүлэлт (16)-ээс нэлээд өндөр дүн аж. Өөрөөр хэлбэл, нас барсан гурван хүн тутмын нэг нь сэргийлж болох өвчнөөр эндсэнийг ДЭМБ тэмдэглэжээ. Гэвч үүнийг төр, засаг нь ч анхаарахгүй, иргэд ч сэргийлэх гэж хичээхгүй бол монголчууд халдварт бус өвчинд дарлуулсаар л байна гэдгийг эмч нар хэлсээр. Цаашлаад зүрх, судасны эмгэг арайхийн “ажиллаж” буй эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг “хуу хамах” нь цаг хугацааны л асуудал болжээ. Энэ талаар Ардын эмч, зүрх, судасны мэс засалч, доктор, профессор Д.Цэгээнжав сэрэмжлүүлсээр удаж буй. Тэрбээр “Дэлхий дахинд зүрх, судасны өвчний зардал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Бид үүнийг эс хүссэн ч жишгийг нь дагах л болно. Монгол Улсын нэг иргэнд ногдох эрүүл мэндийн зардал 2019 оны судалгаагаар 258 000 төгрөг буюу тухайн үеийн валютын ханшаар 100 орчим ам.доллар байв. Одоо мэдээж уг зардал бараг хоёр дахин нэмэгдсэн. “Астра Зенека”-гийн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд зүрх, судасны өвчний зардал тэрбум гаруй ам.долларт хүрэх тооцоотой. 2035 он гэхэд уг зардал зөвхөн АНУ-д 1.1 их наяд ам.долларт хүрэх гэнэ. Уг бүлэг өвчин нь дотроо олон төрөлтэй. Үүнээс зөвхөн артерийн даралт ихсэх өвчинд АНУ гэхэд жилд 42 тэрбум “ногоон” зарцуулдаг гэх судалгаа бий. Эл зардал 2035 онд 86 тэрбумд хүрэх төлөвтэй аж. Артерийн даралт ихсэх өвчний шалтгаантай цус харвалтад үүнээс хоёр дахин их мөнгө зарцуулж буй. Хятад, Бразил, Энэтхэг, Аргентин зэрэг оронд ч артерийн даралт ихсэх өвчний санхүүжилт нэг хүнд ногдох эрүүл мэндийн санхүүжилтээсээ 5.9 дахин өндөр байгааг тогтоосон. Тиймээс манай эмнэлгүүд өвчин тус бүрээр зардлаа нарийн тооцох нь эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийг хэмнэж, үр дүнтэй зарцуулахад дөхөм болно” гэж зөвлөлөө.

Манай улсад артерийн даралт ихсэх өвчин 2012 онд зүрх, судасны эмгэгийн 43.7 хувийг эзэлж байжээ. Тэгвэл эл дүн өнгөрсөн онд 51.6 хувьд хүрч нэмэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харах боломжтой. Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн олонх нь ч уг өвчний шалтгаантай байгааг Харвалтын тасгийнхан нь хэлж, сэрэмжлүүлсээр ирэв. Харвалтад өртөж буй хүмүүсийн 10 хувь нь л хэвийн амьдралдаа эргэн ордог бол үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хоцордог, эсвэл амиа алддаг гэсэн харамсалтай үзүүлэлт бий. Насны хувьд ч залуужсан. Тухайлбал, монголчууд 30 нас хүрэв үү, үгүй юү артерийн даралт ихсэх өвчинд өртөж, эмийн хамааралтай болж байгаа аж. Цусны даралт ихсэх өвчин нэг эхэлсэн л бол ихэнхдээ насаараа эм уух шаардлагатай. Харин манайхан эмчилгээ, оношилгоондоо тухай бүрт нь хамрагддаггүй, эмээ мартаж, санаж уудгаас өвчин буурахгүй байгаа юм билээ. Тиймээс аль болох уг өвчинд өртөхгүй байх нь нэн чухал. Хэрэв өөр шалтгааны улмаас даралт нь ихэссэн бол эх үүсвэрийг нь олж, нэн даруй эмчлүүлэх, эмээ тогтмол уух нь зүйтэй гэнэ.