Сэтгүүл зүйн салбарын ахмад үеийнхэн цуглаж, алдаа оноогоо хэлэлцлээ.
Аливаа улс үндэстний дархлаа эх хэл дээр оршин тогтнодог. Гэвч эл зүйлийг нийтэд таниулж, мэдээлэхэд голлох үүрэгтэй сэтгүүлчид нь өөрсдөө зөв бичиж, ярьж чадахгүй байгаа нь туйлын эмгэнэлтэй хэмээн сэтгүүл зүйн салбарт 20-30 жил ажилласан ахмад үеийнхэн ярьж сууна. Харамсалтай нь манай салбарын залуус элдэв хэрүүл, жагсаал цуглаанд баасан дээр суусан ялаа шиг шавдаг мөртөө энд харагдсангүй. Ганц, хоёр телевиз, сайтынхан хальт ирээд буцав. Үүнийг анзаарсан уу гэлтэй Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Мөнхтөр тайзан дээр гараад “Би МҮОНР-д 30 жил ажилласан юм аа. Залуу үеийнхэндээ зориулж хуудас дүүрэн зөвлөгөө бичиж ирсэн ч тэд маань тоож сонсохгүй бололтой” хэмээн “Гоморхов”.
“Үсгийн дүрэм мэдэхгүй байж, Засгийн дүрмийг шүүж яах вэ дээ” хэмээн нэгэн эрхэм олны дундаас “Час хийтэл” хэлэв. Нээрээ л энэ цагт мэдлэггүй, ёс зүйгүй сэтгүүлч олширч, олныг бухимдуулж буй нь хатуу үнэн. Дуртай нэгэн нь сайт нээгээд, сэтгүүлч гэх нэрийн дор хувь хүн, албан байгууллагыг “Шантаачилдаг” гэх шүүмжлэл ч ихэссэн. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэдэг. Аливаа зүйл алдаатай, оноотой байдаг ч өдгөө сэтгүүл зүйн салбарт алдаа нь давамгайлж, уналтад орсон гэхэд хилсдэхгүй. Ямартай ч өнөө цагийн сэтгүүл зүй алдаатай, үүнийхээ хэрээр том аюул дагуулж буйг ахмад үеийнхний ярианаас ойлголоо.
Өнөөгийн сэтгүүл зүйг ахмадууд юу гэж дүгнэв
Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн: Сүүлийн үеийн сэтгүүлчид 1921 оноос хойших Монголын уран зохиолыг сайн унших хэрэгтэй. Бид агуулга, үсгийн дүрэм дээрээ алдаж байна. Мөн сэтгүүл зүй гэдэг нь сэтгэл гэх үгнээс гаралтай. Тиймээс сэтгүүлчийн сэтгэл ариун байвал нийгэм цэвэр болно. Сэтгүүлчид өглөө бараан мэдээний эрэлд гарч байна. Үхсэн, алсан, хядсан, хэрүүл маргаан зэргийг мэдээлж байхаар намрын өнгийг, байгалийн сайхны талаар мэдээ бэлдэх хэрэгтэй. Украины дайны цус нулимсыг бага бичээд, намрын хонгор салхи, тариан талбайгаа бичвэл хүний сэтгэлийг гэгээрүүлнэ.
МҮОНРТ-ийн ахмад сэтгүүлч Ц.Сүхбаатар: Монголд мэргэшсэн сэтгүүлч ус, агаар мэт хэрэгтэй байна. Үүнийг их сургууль бус ахмад сэтгүүлчид бэлдэж, мэргэшүүлэх хэрэгтэй. Бид шавь бэлдээгүй учир өнөө цагт мэргэшсэн, хариуцлагатай сэтгүүлч ховордсон. Ихэнх сайтууд хариуцлагагүй, ёс зүйгүй ажиллаж байна. Сэтгүүлч болохын тул эхлээд хүн бол. Хариуцлагатай сэтгүүл зүйг нэгдүгээрт сэтгэл, хоёрдугаарт ёс зүй, гуравдугаарт мэдлэг бүтээнэ.
Ахмад сэтгүүлч Г.Гучин-Ес: Иргэд нийгмийг сэтгүүлчийн нүдээр харна. Сэтгүүлчдийн олонх нь мэдлэггүй учраас нийгэм “Тэнэг” байгаа юм.
Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Мөнхтөр: Сэтгүүл зүй бол сэтгэл зүйтэй холбоотой. Сүүлийн үеийн залуус сэтгэл зүйгээ хянаж чадахгүй байна уу даа. Үүнийг редактор чиглүүлж өгөх үүрэгтэй билээ. Гэвч редакторлах хүн нь залуу сэтгүүлчдээсээ эмээдэг болсон. Нөгөө талаараа залуу сэтгүүлчид нь редактораа үл тоох нь үг үсгийн алдаатай, найруулгагүй мэдээг иргэдэд түгээх үүд хаалгыг нээж буй аж. Аливаа улс үндэстний дархлаа бол ЭХ ХЭЛ юм. Гэвч сүүлийн үед Монгол хэлээр зөв, найруулгатай бичдэг сэтгүүлч ховордсон. Мэдээллийн цахим сайтууд хурдан, шуурхай ажиллаж байгаа ч хөнгөн, хуумгай байна. Тиймээс мэдээлэл цахимаар дамжуулахдаа хариуцлагатай байхгүй бол энэ нийгэм чинь хуурамч зүйлсээр дүүрлээ.