УИХ-ын дарга Д.Дэмбэрэл аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргаж буй хууль тогтоомж, улс орны эдийн засгийг хөгжүүлэх талаар төр, засгаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. УИХ, Засгийн газар өнгөрсөн дөрвөн жил шахам хугацаанд улс төрийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн зарчим баримталж ирснийг УИХ-ын дарга ярианыхаа эхэнд дурдаад, дэлхий дахиныг нөмөрсөн санхүү, эдийн засгийн хямралыг хамтын хүчээр даван гарч, эдийн засгийн хөгжлийн шинэ гараан дээр улс орноо авчирч чадлаа.
2012 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 750 мянган төгрөг болно. Ахмадын тэтгэврийг дунджаар хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож төсөвт суулгасан. Ингэснээр хувийн секторт ч гэсэн зохих нөлөө үзүүлж, энэ салбарынхны цалин хөлс нэмэгдэхэд нь түлхэц болно гэж үзэж байна. Цаашдаа цалин нэмэгдүүлэх замаар ард түмнийхээ хэрэглээг нэмэгдүүлж, энэ хэмжээгээр үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого барьж байна гэлээ. Төсвийг тэнцвэржүүлж орлогоо хуримтлуулж байхын тулд Төсвийн тэнцвэржүүлэлтийн санг байгууллаа. Монгол Улсын бэл бэнчин өссөнтэй холбоотойгоор орон нутагт хуваарилах хөрөнгө мөнгө нэмэгдэж байгаа тул түүнийг зөв шингээж, төсөв зарцуулах, хуваарилах чадамжаа дээшлүүлэхэд ихээхэн анхаарах нь чухал юм хэмээн УИХ-ын дарга нутгийн удирдлагад анхаарууллаа.
УИХ-аас “Монгол мал” хөтөлбөр, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого” зэрэг бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг боловсруулан гаргаж, газар тариалан, мал аж ахуйн салбарыг урамшуулах эдийн засгийн механизм бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд орон нутгийн удирдлага ч энэ талаар сайн ажилласныг үнэлэв. Төр, засгаас макро эдийн засгийн бодлогын түвшинд төсөв, мөнгөний уялдаатай бодлого явуулж, үнэ ханшийг тогтвортой байлгахад анхаарч байгааг онцлоод “УИХ-ын гишүүд тойргоо, аймгаа харсан бус, улс орныхоо нийтлэг эрх ашгийг харгалзсан ардач шинж чанартай төсөв баталснаар төсвийн зарлагыг нь 720 тэрбум төгрөгөөр бууруулсан.
Цаашдаа хөрөнгө мөнгө нэмэгдэхийн хэрээр орлогыг аль болохоор нөөцлөх бөгөөд сонгуулийн жил гээд олсноо хамж зарлагадахыг бодохгүй, төсвийн зардлыг хэмнэх зарчмыг тууштай баримталж, төсвийн сахилгыг чанд сахиж, захиргааны бүтэц, нэгж, орон тоог нэмэгдүүлэхгүй байх шаардлага тавигдаж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллээ. Сонгуулийн хуулийг баталсан нь улс төрийн шинэчлэлийн чухал алхам болсныг УИХ-ын дарга онцлоод, ирэх оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, санал тоолох ажиллагаанд автомат машин ашиглахаар болсныг дурдав. Тэрбээр хэлэхдээ, хуульд улс төрийн намуудын босгыг таван хувиар тогтоосон нь олон намууд шударгаар өрсөлдөж УИХ-д суудал авах өргөн боломж нээж өгсөн.
Сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан нь Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ахиулах боломж олгосон. Түүнчлэн улс төрийн намууд, нэр дэвшигчид бэлэн мөнгө болон хувьцаа олгох амлалт авдаг явдлыг хааж өгснөөр хоосон амладаг, сонгогчдын саналыг худалдаж авах оролдлого хязгаарлагдаж байгаа юм. Энэ хууль бүхэлдээ хариуцлагыг дээшлүүлж, шударга өрсөлдөөнийг хангахад чиглэж байгаа. Сонгуулийн тойрог, хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөлөл биш төрийн албан хаагчид ажиллахаар болсон нь сонгуулийн хариуцлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой гээд хуулийг ард иргэдэд сайтар сурталчилж ойлгуулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад орон нутгийн удирдлагууд өнөөдрөөс анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.