УИХ дахь хоёр бүлэг өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ж.Сүхбаатар гишүүний ахалж буй Ажлын хэсэг дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай Д.Энхбат болон Д.Дамба-Очир нарын санаачилсан хоёр төслийг нэгтгэсэн билээ. Тэгвэл нэгтгэсэн төслөөс гишүүдийн олонхийн дэмжлэг авч буй хоёр заалтыг дахин боловсруулж, өргөн барьсан аж. Энэ нь Засгийн газрын гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно, сум, баг, аймгийн Засаг даргыг томилох журмыг өөрчлөхтэй холбогдож байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлгийнхэн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Тус бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг өчигдөр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн 29.1 дэх заалт нь Засгийн газрын гишүүдэд босго тавих тухай байгаа. Мөн сум, орон нутгийн сонгуулиар хэтэрхий улстөржөөд байгаа учир Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлага гэсэн IV бүлгийн 60.2, 60.3 дахь заалтыг өөрчилье гэсэн байна. Тиймээс сум, багийн Засаг даргад иргэд нэрээ чөлөөтэй дэвшүүлнэ, улмаар тухайн сум, багийнхаа иргэдийн саналаар сонгоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл бодитоор хангагдаж, намчирхах явдлыг цэгцлэх юм. Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд ИТХтай нь зөвшилцсөний дүнд сонгоно. Манай бүлэг эдгээр саналыг дэмжлээ” гэв.
Тэд нийслэлийн хороодын Засаг даргыг уг журмаар иргэд өөрсдөө сонгодог байх санал оруулсан аж. Үүнээс гадна АНынхан Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ярьжээ. Арванхо ёрдугаар сарын 29- нд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ой тохиох учир зөвхөн энэ жил уг өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуулийн төсөлд тусгасан аж. Мөн уг баярт зориулсан бөхийн барилдаанаар нэг удаа улсын наадмын адилаар цол олгохоор зохицуулсан байна. Түүнээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Нийслэлийн Засаг даргыг хэрхэн сонгох талаар хуульд ямар нэг зохицуулалт оруулаагүй юм уу?
-Нийслэлд хүн амын 50 хувь амьдардаг, зохион байгуулалтын хүрээ өргөн. Тиймээс энэ удаадаа түр хойшлуулж байгаа юм. Шууд дээрх зарчим руу шилжсэнээр олон бэрхшээл үүснэ. Ирэх долоо хоногт УИХ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ. Үүгээр нийслэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдэх юм. Тэгсний дараа хот, дүүргийн асуудлыг сайн төлөвлөж байж ярих нь зөв гэж үзлээ.
С.УУЛ