Аймгийн театр нийслэлийнхээс хол хоцордог хэмээн шүүмжилдэг хүмүүсийг гайхшруулсан хамт олон бол “Монгол туургатан” театрынхан. Тэд Монголд анх удаа моно опера бүтээж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан. Байнга шинийг бүтээхээр тэмүүлдэг тэд ур чадварын уралдаан зарлаж, авьяас, чадварын эрэлд гарчээ. Мэргэжлийн жүжигчдийн чадварыг хөгжүүлэх зорилготой уг арга хэмжээг шүүх хүмүүс нь бидний нэрлэдгээр акулууд байх гэнэ. Уралдаан ганцаарчилсан болон хамтлаг гэсэн төрлөөр явагдах бөгөөд түрүүлсэн уран бүтээлчдийг өндөр шагнал хүлээж байна. Цалин хөлс, дүр бүтээх, уран бүтээлүүдэд оролцох эсэх гээд олон зүйл энэ арга хэмжээнээс шалтгаалах тул “Монгол туургатан”-ы уран бүтээлчид сэтгэл зүрхээ хурцлан шинэ санаа, шинэлэг бүхний эрэлд гарч байгаа сурагтай. “Энэ бол уралдаан. Уралдаан бол өрсөлдөөн” гэж тус театрынхан ярьж байна билээ. Дашрамд өгүүлэхэд, өчигдөр Төв аймгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан шанага 2011” наадам боллоо. Өрсөлдөөний шуурга дэгдээсэн “Монгол туургатан” театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг энэ наадмын “Оны шинийг санаачлагч”-аар тодорч, нэлээд том шанагатай гэдгээ баталлаа.