Хамтарсан Засгийн газар тарах нь бараг тодорхой болоод байна. АН нэгэнт шийдвэрээ гаргасан. ҮЗХ нь үүнийг баталгаажуулбал асуудал шуударна. Юутай ч АН хамтарсан Засгийн газраас гарахаар болсныг дарга нь мэдэгдсэний дараа УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Ч.ХҮрэлбаатар: ҮХРИЙН СҮҮЛЭН ДЭЭР ХУТГА ГЭГЧ БОЛЛОО
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатараас АН-ын шийдвэрийн талаарх байр суурийг сонирхлоо.
-Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс АН татгалзлаа. Тэгэхээр цаашдаа яах ёстой вэ. Гэрээг хүчингүй боллоо гэж үзэх үү?
-Гэрээний үйлчлэх хугацаа 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл хүчинтэй. Аль нэг нь дангаараа цуцлах эрхгүй. Гэрээ ноцтой зөрчигдсөн гэж үзвэл тус бүр найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр талын Зөвлөлдөх хороо хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Гэтэл нэг намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга нь хамтарсан Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийснийг хариуцлагагүй явдал гэж үзэхээс аргагүй. Дарга нарынхаа мэдэгдлийг ҮЗХ-гоороо хэлэлцэж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ талаар ярилцаж эцсийн шийдвэр гаргах байх. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 гаруй хувьтай байгаа. 100 хувь биелүүлчихмээр байдаг. Гэтэл, харамсалтай нь АН-ын удирдлага хариуцлагагүй алхам хийлээ. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчтэй адил шийдвэрийг ҮЗХ гаргахгүй байх гэж найдаж байна. Аль нэг намын улс төрийн болоод сонгуулийн эрх ашиг улс, ард түмний эрх ашгаас илүү байх ёсгүй.
-ҮЗХ Засгийн газраас гарах шийдвэрийг баталгаажуулах байх?
-Тийм шийдвэр гаргахгүй байх гэж горьдож байна. Янз бүрийн яриа сонсогдож л байсан. Арай ч өнөөдрийнх шиг байдалд хүрнэ гэж бодоогүй. Гайхаж байна.
-Гурван жил дөрвөн сар ажиллаж байна. Хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн АН өнгөрч буй хугацааны алдаа, онооноос хуваалцах уу?
-Засгийн газраас АН-ыг гарна гэдэгт одоог хүртэл итгэхгүй байна. Гарахгүй болов уу гэсэн итгэл байна. Улс төрийн хариуцлагатай нам болчимгүй шийдвэр гаргахгүй байх.
Д.Зоригт:Энэ шийдвэрийг гайхаж байна
-Гэнэтийн мэдэгдэл боллоо. Одоохондоо би бүрэн мэдээлэл аваагүй байна. Хамтарсан Засгийн газрыг улс орны хөгжлийн төлөө л байгуулсан. Улс орны өмнө тавьсан олон зорилт бий. Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хамтарсан Засгийн газрын ажил дуусчихгүй. 1.5 сая төгрөгийн амлалт, нийгмийн халамжийн болон томоохон үйлдвэрүүд байгуулах гэх мэт олон асуудал байна. Тиймээс тэдний шийдвэрийг гайхаж л сууна.
Э.Бат-ҮҮл: ИЙМ ШИЙДВЭРИЙг ХҮЛЭЭСЭН
-Хэзээ нэгэн цагт ийм шийдвэр гарахыг мэдэж байсан. Үүнийг маш их хүлээсэн хүний нэг нь яах аргагүй би. Энэ бол маш чухал, түүхэн шийдвэр. Тэр тусмаа Монголын ардчилсан парламентат ёсыг аварсан чухал шийдвэр боллоо гэж ойлгож байна. Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Сонгуулийн хууль батлахад улс төрийн зөвшилцөл хэрэгтэй байсан учир ҮЗХ-ноос хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан. Тухайн үед би үүнийг эсэргүүцэж байсан. Одоо АН түүхэн үүргээ гүйцэтгэлээ. Манай намын дарга хэвлэлийн бага хурал дээр “Түүхэн үүргээ гүйцэтгэлээ” гэж хэлснийг та бүхэн сонссон байх. Түүхэн үүрэг дахин дахин гарч ирдэггүй юм. Тиймээс дахин МАН-тай хамтрахгүй. ҮЗХ уг шийдвэрийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. 2012 оны сонгуульд сонголт хийх боломжийг ард түмэнд олгох учиртай. Хамтарсан Засгийн газар өгсөн амлалтаа хангалттай биелүүлснийг сонгогчид хэлж байгаа.
Д.Одбаяр:УХААН БОДЛОО НЭГТГЭЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ
-ҮЗХ-гоороо хэлэлцэх учраас одоогоор хэлэх зүйл алга. АН-ын удирдлагын шийдвэрт баяртай биш байна. Хамтарсан Засгийн газарт хийсэн юм бий. Хийх гэж оролдсон нэлээн зүйл бий. Бүтэл муутай зүйл ч байгаа л биз. Хамтарсан Засгийн газар улс төрөө хойш тавиад ухаан бодлоо нэгтгэж ажиллах нь зөв юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болсон байна.
Д.Энхбат: Стандарт бус Засгийн газар стандарт болно
-Анхнаасаа стандарт бус Засгийн газар байгуулсныг би хэлдэг байсан. АН орж, гарч болно. Стандарт бус Засгийн газар стандарт болох нь гарцаагүй. Тиймээс энэ зүг рүү АН явж буй нь зөв. Гэхдээ үүнийг зүгээр л сонгуулийн шоу болгоод өнгөрч болохгүй. 2008 онд монголчууд энэ хоёр намын хамтарсан амлалтад итгэсэн. Одоо сонгууль дөхөөд ирэхээр шоу хийж, бие биедээ бурууг тохох оролдлого бүү байгаасай. Энэ бол зөвхөн уг хоёр намын биш, Монголын ард түмний асуудал учир дуртай үедээ нийлээд, дургүй үедээ хаяад байж болохгүй. Хувийн ашиг сонирхол, эсвэл үнэхээр ажил хэргийн алийг нь харж Засгийн газарт орсноо одоо тайлагнах хэрэгтэй. Тэгэхгүйгээр сонгуулийн өмнө тараад, бие биедээ буруу өгөөд явбал энэ бүхэн нь улс төрийн шоу байжээ гэж ойлгоно. Одоо ҮЗХ-ноос нь эцсийн шийдвэр гарах байх. Ер нь стандарт бус Засгийн газар олон бүү байгуулагдаасай гэж бодож байна.
Ц.Батбаяр: Ханилж яваад нөхрөө хаясан эхнэр шиг л санагдлаа
-АН хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг би өнгөрсөн оны есдүгээр сард хэлж байсан. Тэр ёсоор л боллоо. Нөгөө талаар тэд сонгуулийн улс төр хийх гэж байна. Мөн нэг гэрт орчихоод нөхрөө хаяад зугтаж буй эхнэртэй адилхан санагдлаа. Эндээс олигтой үр дүн гарахгүй. Одоо тэд бидэнд буруу өгч, хариуцлагаас зугтах байх. Ингэснээрээ ард түмэнд ухаантай болж харагдахыг хүссэн байж болно.
Х.Тэмүүжин: Энэ бол АН-ын олон нийтийн хүсэл байсан
-Энэ бол намын албан ёсны удирдлагуудаас гаргасан шийдвэр. Гэхдээ эцсийн шийдвэрийг ҮЗХ гаргана. Би уг шийдвэрийг дэмжиж байгаа. Сая намын даргадаа баяр хүргэчихээд ирлээ. Засгийн газраас явуулсан арга хэмжээнүүдийг харахаар АН-ын сайд байгаа салбар илүү урагш ахисан, шинэчлэл өрнөсөн байна. Уул уурхайн салбарын томоохон шийдвэрийг хэн дэмжиж, хаа хүртэл чирч явуулсан билээ. АН одоо Засгийн газраас гарахаар олон шүүмжлэл гарах байх. Эхнээсээ “бялуу “ хуваах болохоор орчихоод одоо хариуцлагаас бултлаа гэж ярьж байна. Үүнд хариуг нь өгөхөөс аргагүй. Ийм яриа бол ажил биш “бялуу” хуваадаг намын л харж буй өнцөг. Тиймээс “Та нар “бялуу” хувааж, бид ажлаа хийжээ” гэж хэлэхээс аргагүй байна. Олон нийт АН-аас сүүлийн гурван жилд байнга Засгийн газраас гарч, илүү хариуцлага яриач гэж шаардсан. Хүний эрх, шударга ёс, хууль шүүхийн байгууллагын хариуцлага хамтарсан Засгийн газрын өнгөн дээр бүдгэрээд байна. Тиймээс үүнээс гарч, уг асуудлаа ярих ёстой гэсэн АН-ын олон нийтийн хүсэл эрмэлзэл юм.
Б.Цогтгэрэл (МҮАН-ын дэд дарга) : Хариуцлагагүй алхам болсон
-Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг л юм болж байна. Хүүхэд нуугдлаа гээд нүдээ нуудаг шүү дээ. Эд нар хуваах юмаа хуваагаад дууссан. Төсвөө, Сонгуулийн хуулиа баталлаа. Одоо хуваах юмгүй болсон, Засгийн газраас гарах цаг боллоо гэж буй мэт л харагдаж байна. Нэгэнт эхэлсэн ажлаа АН дуусгах ёстой байсан. Тиймээс үүнийг хариуцлагагүй алхам гэж үзэж байна.
З.Алтай: Улс төрийн шоу хийх хэрэггүй
-Гурван жил халуун хөнжилдөө тэврэлдэж хэвтлээ. Бодвол нэг нь жирэмсэн болсон байх. Бүх хариуцлагыг энэ хоёр нам хүлээх ёстой. Гарман дээр муриач гэдэг шиг хоёрын хооронд ингэж улс төрийн шоу хийх хэрэггүй байсан юм. Ингэлээ гээд хэн нь ч хожихгүй.
Ш.Төмөрсүх (ЭЧХН-ын дарга): Эхэлснээ дуусгавал дээр байлаа
-Уг нь анхнаасаа л хамтарсан Засгийн газарт орсон учир эхэлснээ дуусгах нь дээр байсан болов уу. Ямар нэг шийдвэртэй алхам хийх гэж ийм шийдвэр гаргасан гэж найдъя.
Э. ТӨР, С.УУЛ