Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэргийг Архангай аймагт шинэ жилийн өмнөх өдөр тус аймгийн Ардчилсан нам зүгээр л бөөндөж орхив. Энэ гурван томоохонд тооцогдох одон гэхэд зөвхөн аймгийн төвд гэхэд 20 шахам хүнд ногдсон бөгөөд тус аймгийн Ардчилсан нам өөрийн байрандаа намын гишүүд, дэмжигчдээ дуудан хүлээж аваад л шагначихаж. Уг нь Архангай аймагт төр гэж бий. Тэр ч бүү хэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хүний гавьяат эмч цол хүртсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эмч Н.Дэнсмаа шагналаа аваад буцаж сумандаа очоод төрийн одон медалийг өврөөсөө гаргаад л хүмүүсийг шагнасан байх юм. Шинэхэн гавьяат эмч маань УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаярын хамаатан. Батцэнгэл суманд Архангайн Ардчилсан намын дарга Д.Бат-Эрдэнэ бас л төрийн одон медалийг халаасалж очоод бөөндсөн байна. Энэ мэтчилэн саяын шинэ жилээр нийтдээ 100 гаруй төрийн одон медаль Архангайн бүх сумдад зөвхөн АН-ынхнаар дамжин хүрчээ.
Сонгууль дөхөхөөр намчирхаж, талцах явдал нэмэгддэг нь яалт ч үгүй үнэн л дээ. Гэвч орон нутгийн түвшинд энэ талцал нэлээд эрт эхэлж, тэр тусмаа Ерөнхийлөгчийн зарлигтай төрийн одон медалийг АН-ынхан халааслан давхилдаж эхэллээ.