Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ой энэ сарын 13-нд болох юм. Түүнд зориулсан арга хэмжээнүүд ойрын өдрүүдэд болж байна. Эхнийх нь мягмар гаригт болсон “Ардчилсан Үндсэн хууль-20” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал байлаа. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан уг хурлыг нээхдээ УИХ-ын дэд дарга Г.Батхүү, 1992 оны Үндсэн хууль нь хүн төрөлхтний сүүлийн хагас мянганы хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй ардчиллын замаар Монгол Улсыг эргэлт буцалтгүйгээр замнах улс төр, эрх зүйн суурь баталгааг бүрдүүлж өгснөөрөө манай төр ёсны түүхнээ арилшгүйгээр тэмдэглэгдэж үлдэх үнэ цэнтэй болохыг онцлов.
Үндсэн хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачид, УБХ-ын гишүүд, хэлэлцэж баталсан АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх үйл хэрэгт биечлэн оролцож ирсэн үе үеийн төрийн түшээдийн төлөөлөл энэхүү хуралд оролцсон юм. Ойд зориулж сэтгүүлчдийн дунд уран бүтээлийн уралдаан зарласнаа УИХ-ын Тамгын газар, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо өчигдөр дүгнэлээ. Нийтлэлийн төрөлд УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн ахлах судлаач Ц.Товуусүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч С.Лочин, Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүгч Б.Сугар, ярилцлагаар “Өнөөдөр” сонины улс төрийн мэдээллийн албаны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Рэнчинханд, “Монголын үнэн” сонины сурвалжлагч Б.Номин, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Р.Бумдарь, сурвалжлагын төрөлд “Ноцтой мэдээ” сонины сурвалжлагч Б.Ойдов, “МОНЦАМЭ мэдээ” сонины ажилтан Ч.Содномдорж, “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгч Г.Дашцэрэн, нэвтрүүлгийн төрөлд МҮОНТ-ийн “ММ” агент лагийн тоймч Ж.Алтангэрэл, “SBN” телевизийн сурвалжлагч Д.Мягмартогтох, Б.Түвшинтулга, Ц.Цэрэндолгор нарын бүтээл эхний гурван байр эзэлжээ.
20 жилийн ойн арга хэмжээнл оролцох төв, хөдөөгийн депутатуудыг өнөөдөр бүртгэж дурсгалын зүйл, энгэрийн тэмдгийг нь гардуулна. Ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 15.00 цагаас Бөхийн өргөөнд эхэлнэ. Маргааш музей, гэрэл зургийн болон номын үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдэнэ. Төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, орой нь хүндэтгэлийн концерт үзэж, зоог барилцана.
Р.ЖАРГАЛАНТ