Сайд нарын танхимдаа ажиллуулахыг хүсэж буй гурван эрхмийг МАН-ын дарга, Ерөнхий
сайд С.Батболд өчигдөр Удирдах зөвлөлдөө танилцуулав. Сүүлийн өдрүүдэд түүний халаасанд “явсан” эдгээр гурван нэрийг эзнээс нь өөр хүн уншилгүй өчигдрийг хүрч намынханд нь задарсан байна. Удирдах зөвлөл орон гарсан зургаан сайдын томилгооны гурвыг намынхаа даргад даалгасан бөгөөд чингэхдээ УИХ-ын гишүүн бус хүмүүсийг нэр дэвшүүлэхийг чиглэл болгосон билээ.
С.Батболд Тэргүүн шадар сайдад МАНын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өмнө нь Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг, Эрүүл мэндийн сайдад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг дэвшүүлснийг МАН-ын Удирдах зөвлөл санал нэгтэй хүлээн авчээ. Эдгээр нэр дэвшигчээс МАН-ын генсек У.Хүрэлсүх хэвлэлээр өрнөсөн таамагт нэр нь огт ороогүйгээрээ содон байлаа.
Ийнхүү С.Батболд сайд нарын танхимдаа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг хүртэл татан оруулснаар МАН УИХ-ын сонгууль хүртэл гүйцэтгэх засаглалд “өргөн фронтоор” ажил лахаар төлөвлөжээ. Засгийн газар дахь “хоёрдугаар” ээлжийнхнийг нэрлэхэд У.Хүрэлс үхийг Ерөнхий сайдад нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байснаас бус, Тэргүүн шадар сайдын албыг авна хэмээн төсөөлж байсан хүн үгүй л болов уу. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс тэнцүү санал авч хайнцсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нарын хайныг хагалуулахаар С.Батболд Удирдах зөвлөлөөр санал хураалгахад Ж.Энхбаяр “ялав”.
Удирдах зөвлөлөөс сайшаагдсан эдгээр дөрвөн нэрийг УИХ дахь бүлэг хэлэлцэж, 19.30 цаг гэхэд дэмжсэнээр МАН-ын Засгийн газарт онгойсон зургаан сайдын суудлыг хэн, хэн эзэгнэх нь тодорхой боллоо. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд сайдад нэр дэвшигсдээ өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөх ёстой. Дараа нь УИХ-аар хэлэлцүүлснээр МАН-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах юм.
Б.Энхцэцэг