Шатахууны үнэ нэмэхээс урьдчилан сэргийлж чадаагүй гэх шалтгаанаар ГТГын дарга Д.Амарсайхан, орлогч Ц.Амараа, Шударга өрс өлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах, түүний орлогч Ц.Доржпалам нар хоолноосоо салчихаад байна. Тэгвэл хариуцлага хүлээх хүний тоо энэ хэдээр дуусах уу. УИХ дахь АН-ын бүлэг шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг ам. долларын ханшны өсөлт байсан гэж үзэж, Монголбанкны ерөнхийлөгчийг буруутгасан. Улмаар Л.Пүрэвдоржид хариуцлага тооцох тухай саналаа УИХ-д өчигдөр албан ёсоор тавьжээ. Уг бичигт 20 гаруй гишүүн гарын үсгээ зурсан гэнэ.
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар мөн төв банкны ерөнхийлөгчийг шүүхэд өгөхөө хэлээд буй. Мэдэгдлүүд ар араасаа ийн хөвөрч байх өдрүүдэд Монголбанкны ерөнхийлөгч огцрох өргөдлөө өгөхөөр бэлтгэж байгаа тухай яриа дуулдав. Л.Пүрэвдоржтой утсаар холбогдож лавлахад “Тийм зүйл байхгүй ээ” гэснээс өөрийг хэлсэнгүй. УИХ дахь АН-ын бүлгийн орлогч дарга Л.Гантөмөрөөс уг асуудалтай холбоотой цөөн зүйл тодруулав.
-Шатахууны үнэ нэмэгдэж байх үеийнхээс ам. долларын ханш 100 орчим төгрөгөөр буурсан байна билээ. Энэ нь Монголбанкны ерөнхийлөгчийг албан тушаалд нь хэвээр үлдээх нөхцөл болж чадах юм биш үү?
-Тухайн үед ам.долларын ханш өсөх эдийн засгийн бодит шалтгаан байгаагүйг төгрөгийн ханш буцаад ялимгүй чангарсан байдал харуулж байна. Дэлхийн зах зээлд долларын ханш чангараагүй. Монголд валютын хомсдол болоогүй. Монголбанкныхан алдагдлаа нөхөхийн тулд санаатайгаар долларын ханшийг хөөрөгдсөн. Л.Пүрэвдоржид хариуцлага тооцох ёстой. Шатахууны үнэ нэмэх шалтгаан болсон долларын ханш нэгдүгээр сарын 7-ны өдөр 1480 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 1390 төгрөг орчимд хэлбэлзэж байна. Үнэхээр л долларын ханш шатахууны үнэд нөлөөлсөн бол буухад нь ч бас дагаад буурна биз. Гэтэл зах зээлийн тэр үзэгдэл огт ажиглагдсангүй.
Сүүлийн гурван сарын дотор улсын валютын нийт нөөцийн 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний буюу 300- гаад сая долларын интервенц хийжээ. Хамгийн сүүлд, энэ сарын 13-нд 1387 төгрөгийн хаалтын ханшаар Монголбанк 11.8 сая доллар худалджээ. Үр дүнд нь шатахууны үнэ хөөрөгдөх үеийн долларын ханшаас төгрөг өдгөө 100 орчим төгрөгөөр чангарсан байна. Цаашдаа Монголбанкинд интервенц хийх дарамт үзүүлбэл валютын нөөцөө шавхаж мэдэхээр байдалд хүрсэн гэнэ. Экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ буурч, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт багасаж байгаа нь валютын нөөцийн хомсдолд оруулж магадгүй байгаа аж. Гэвч өөрөөс нь огт хамааралгүй эдгээр нөхцөл байдал Монголбанкны ерөнхийлөгчийг суудалд нь үлдээх шалтгаан болохгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.
Валютын нөөц хомсдох тухайд Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал харин өөр бодолтой байна. Тэрбээр “ Ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийж ирсэн, хийж байгаа, хийх ч болно. Зах зээлд хэрэгцээтэй үед валют нийлүүлэх хангалттай нөөц бий. Эх үүсвэр ч хангалттай бий” гэсэн нь Л.Пүрэвдоржийн болгоомжлолоос зөрж байгаа юм. Харин шатахууны үнэ өссөнд валютын ханш нөлөөлөөгүй. Ханшийн өсөлтөд Монголбанкны алдагдал ямар ч хамааралг үй гэдгийг баттай, хариуцлагатайгаар хэлж чадна гэж Н.Золжаргал ярьсан нь Л.Пүрэвдоржийг буруутгаж буй АН-ын үндэслэлийн эсрэг агуулгатай тайлбар юм. Ерөнхийлөгчийг нь огцруулах шалтгааныг Н.Золжаргал хүлээн зөвшөөрөх үү гэсэн асуулт эндээс гарч байна.
Го.ЭНХТӨР