Шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ойг төрийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Тогтолцоог өөрчилж, хэтэрхий эрх чөлөөтэй ч байж мэдэх өнөөдрийн нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Үндсэн хуулийг батлалцсан эрхмүүд баярлав. “Эцэг” хуулиас улбаатай сайн, бас түүнийг зам зуур нь гажуудуулсан муугийн тухай хэлэлцэж өнжлөө. Гэхдээ түүний үр дагаврыг ярилцсанаас Үндсэн хуулийн өөрийнх нь тухай нэг их ярьсангүй. Шинэ, ард чилсан улс болохын үндэс болсон уг баримт бичгийг “манаж” байх учиртай Цэцийн тухай ч дурссангүй. Гэтэл Цэц “толгойгүй” болоод удаж байна. Эл байгууллага есөн гишүүнтэй. Тэднийг гурав гурваар нь УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс зургаан жилийн хугацаатай томилдог. Нэг гишүүний томилгоо нь өнгөрсөн хавраас хойш УИХ дээр гацчихжээ.

Дарга Ж.Бямбадоржийг нь ХЭҮК руу шилжүүлсэн учраас түүний орны хүнийг “олох” учиртай болсон юм. Тухайн үед Ерөнхий прокурор байсан М.Алтанхуягийг зүтгүүлсэн ч АН-ынхан дэмжсэнгүй. Улмаар завсарлага авч энэ асуудал замхарсан. Түүнээс хойш хэвлэлээр л Цэцийн даргыг хэдэнтээ “тодруулав”. Цэцийг бүрдүүлэх ес дэх эрхмийг УИХ-аас санал болгох юм. М.Алтанхуягийг хүлээж авсангүй. Тиймээс ХЭҮК-ийн дарга байсан Л.Цэрэндорж, академич С.Нарангэрэлийг санал болголоо гэх мэт мэдээлэл цацагдсан. Тэгвэл сүүлийн үед ТӨХ-ны дарга Д.Сугарын нэр дуулдаж байна. Гэтэл энэ эрхэм хашиж асан албан тушаалтайгаа холбогдуулан АТГ-т шалгуулж буй. Хэд хэдэн удаа очиж мэдүүлэг өгсөн, эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй ч АТГ-аар “эргэлддэг” болсон нь үнэн гэнэ. Д.Сугар ХЗДХЯны Төрийн бичгийн дарга байсан, хуульчийнхаа хувьд гологдохгүй байж болно. Гэвч Үндсэн хуулийг манах учиртай Цэцэд ёс зүйн иймэрхүү асуудалтай хүн тэнцэх үү. Үндсэн хуулийн цэц бол өндөр хэмжээний, мэргэшсэн хуульчдаас бүрдсэн байгууллага. Тэнд зөвхөн ийм шалгуур хангасан хуульчийг л томилох учиртай.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайг нийгэм хүлээн зөвшөөрнө. Тус байгууллагын дэд дарга Н.Жанцан Цэцийн гишүүнээр дөрөв, гишүүн Л.Амарсанаа гурав дах удаагаа улиран сонгогдоод буй. Эдүгээ ажил үүргээ гүйцэтгэж буй найман эрхмийн тал нь Монгол Улсын гавьяат хуульч. Мөн бусад нь хууль зүйн ухааны доктороос буухгүй зэрэг цолтой. Яг одоогийн бүтцийн хувьд маргаад байх хүнгүй. Харин гаднаас томилох гэж буй эрхмүүд дээр л “чанарын” ялгаа гарах гээд байна. Энэ бол жирийн нэг яам биш. Цэцийн дэд дарга Н.Жанцан гуайн тодорхойлсноор “Үндсэн хуулийн цэц бол шүүх. Эрх зүйн маргааны талаар эцсийн шийдвэр гаргадаг байгууллага”. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй нь мэдээж. Академич С.Нарангэрэл, хууль Л.Цэрэндорж нартай маргах хүн үгүй биз. Харин Д.Сугар тэнд тэнцэнэ гэж гар өргөх хүн хэд бол. Нөгөө талаар УИХ-аас санал болгон томилох учиртай хүнийг Цэцийн дарга болно хэмээн хэвлэлийнхэн таамаглаж буй.
Дарга Ж.Бямбадоржийн оронд “сойх” гээд буй нь ийм ойлголт өгсөн байж болох ч түүнийг эхлээд гишүүнээр томилох учиртай. Үүний дараа Цэцийн “толгой” хэн байх талаар есөн гишүүн тогоон дотроо шийднэ. Энэ талаар Цэцийн дэд дарга Н.Жанцан “Нэг гишүүнийг томилоогүй учраас бид хүлээгээд байна. Үндсэн хуулийн шүүх, ёс суртахуунтай байгууллага учир бүрэлдэхүүнээ гүйцэт болсны дараа нууц санал хураалтаар даргаа тодруулна. Цэцэд мэргэшсэн олон хуульч ажиллаж байна. Тэдэн дотроосоо л даргаа сонгоно. Тиймээс санаа зовох хэрэггүй. Цэцийн дарга байхгүй ч найман гишүүн нь ажлаа хийгээд, дэд дарга миний бие хууль ёсоор орлоод явж байна” гэсэн юм.
УИХ-аас томилох нэг гишүүнээс гадна Ерөнхийлөгчөөс санал болгох бас нэг хүний асуудал байна. Цэцийн гишүүн Ж.Болдбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй юм байна. Тиймээс түүнийг улираах уу, эсвэл орны хүнийг томи лох уу гэдгийг удахгүй шийднэ. Юутай ч одоогоор ГЕГ-ын дарга асан Т.Лхагвааг дэвшүүлнэ гэсэн яриа байна. Удирдлагын академийн захирал байсан тэрбээр түүхч мэргэжилтэй нэгэн. Хуульчийг эсвэл өөр мэргэжилтэй хэн нэгнийг томилох эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Гэхдээ Цэц бол зиндаа дээгүүр байгууллага. Илүү чадварлаг мэргэжилтэн шаардлагатай. Тиймээс АТГ-т шалгуулж буй Д.Сугарыг, эсвэл түүхч мэргэжилтэй Т.Лхагвааг томилох эсэхээ тунгаах учиртай.
Юутай ч уг байгууллагад мэргэжлийн хуульчдыг томилно гэдэгт Н.Жанцан дэд дарга нь итгэж буйгаа нуусанг үй. Түүний хувьд Цэцийг толгойлох хуулийн боломж үгүй. Шинээр ирэх хоёр гишүүн болон үлдэгчдийн хэн нэгэн нь уг байгууллагыг толгойлох биз. Гэхдээ УИХ-тай нүүр тулахад мэдлэгээрээ “хальтирахгүй”, гаргасан шийдвэрээ хамгаалах хэмжээний цэцтэй хүн байх ёстой.
С.ТУУЛ