УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар байгаль орчны тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ. 1992-1993 онд баталсан, цаг үеэсээ хоцорсон 18 хуулийг найм болгон нэгтгэж, шинэчлэн найруулжээ. Мөн Хадгаламжийн даатгалын тухай багц хуулийг хэлэлцэхийг ч дэмжсэн байна. 2008 оны санхүү, эдийн засгийн хямралын дараа төрөөс хадгаламжид гурван жилийн хугацаатай гаргасан баталгаа энэ оны аравдугаар сард дуусах юм. Тиймээс үүнээс хойш тухайн хуулийн этгээд хадгаламжаасаа тодорхой хувийг даатгалын санд хуримтлуулах замаар эрсдэлээ өөрөө хүлээх зохицуулалтыг дээрх хуульд тусгажээ.
Мөн Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа УИХ санал хураах өдөр, цагийг өөрчилсөн. Ингэснээр орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр УИХ-ынхаас зөрж буй юм. Мөн сонгуулийн тойргийн болон хэсгийн хороо байгуулах зарчим нь ч өөр байгаа. Эдгээрийг нэг мөр болгож цэгцлэхийн тулд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг АН-аас гаргасан байна. Үүнээс гадна Л.Гүндалайгаар ахлуулаад АН-ын бүлгийн бүх гишүүн Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Сонгууль дуустал нийгмийн халамжийн ямар нэг хуулийн төсөл санаачлахгүй, хэлэлцэн батлахгүй байх нь шударга хэмээж байсан АН-ынхан яагаад энэ амлалтаасаа ухрав.
Энэ асуултад тус бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Одоогоор дөрвөөс дээш хүүхэдтэй 45 настай ээж, 50 настай аавд сар бүр 53800 төгрөг, нярай хүүхэдтэй эхэд сар бүр 26.000, гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аавд 60.000, “Алдарт эх”-ийн I одонтой ээжид жилд 200 мянга, II одонтой бол 100 мянган төгрөг, мөн иргэн бүрт сард 21.000 төгрөг олгож байна. Энэ мэтээр нийгмийн халамжийн бодлого хангалттай. Гэвч МАН-ынхан ээжүүдэд олгох халамжийг дэмжсэнгүй гэж яриад байна. Хэрэв тэд үнэхээр нийгмийн халамжийн бодлого хангалтгүй гэж үзэж буй бол бид хүүхдийн мөнгийг сэргээх саналтай байгаа юм. Сар бүр хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгоё” гэлээ. Нэг ёсондоо тэд МАН-ынхны ээжүүдэд олгох урамшууллын эсрэг хүүхдийн мөнгөөр “барьцаалахаар” шийдсэн аж.
С.УУЛ