УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгтэй ярилцлаа.
-УИХ-ын сонгууль өнгөртөл халамжийн шинжтэй асуудал хэлэлцэхийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй энэ төрлийн хуулийн төслүүд хэлэлцэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгууль болоход цөөн сар үлдсэн үед халамжийн чиглэлийн бодлого ярьж байгаа хүн, нам сонгогчдод мэдээж таалагдана. Тийм учраас энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гишүүдийг бид ойлгож байна. Гэхдээ асуудлыг том хүрээнд харж, сэтгэх ёстой. Хоёр нам хамтарч ажилласан 3.4 жилийн хугацаанд бид тодорхой амжилтад хүрч чадсан. Хэдий бэрх байсан ч пропорциональ хувилбар оруулсан Сонгуулийн хуулийг баталлаа. Түүнтэй адил халамжтай холбоотой олон асуудлыг шийдэх бололцоо, цаг хугацаа байсан. Гэтэл нойрноосоо сая л сэрж байгаа мэт, нийгмийн хэсэг бүлэгт хайртайгаа “нотлох” гэж халамжийн шинжтэй уралдаан зарлаад явж байгаа нь харамсалтай. Сонгогчдын санаа бодлыг татах зорилгоор элдэв үйл ажиллагаа явуулахыг Сонгуулийн хуулиар хориглосон.
Сонгууль дөхсөн үед халамжийн чиглэлтэй хуулийн төсөл хэлэлцэхээ түдгэлзүүлдэг байя гэж АН-ын бүлэг шийдсэн. Тэгвэл халамж шаардлагатай хүмүүс үлдсэн зургаан сарын хугацаанд яах юм бэ гэж зарим хүн ярьдаг. Эхчүүдэд өгөх тэтгэвэр, тэтгэмж тусламжийг хүчин төгөлдөр хуулийн дагуу олгоно. (хүснэгтээс харна уу). Хүний нас, хүйс хамаарахгүйгээр хүн бүр сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл сар тутам Хүний хөгжил сангийн 21.000 төгрөгөө авна. Иргэн бүр нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцаа эзэмшиж байгаа. Үүнийгээ мөнгөн эргэлтэд оруулахад шаардлагатай хөрөнгийг 2012 оны улсын төсөвт суулгаж өгсөн. Нийтдээ долоон төрлийн халамжийн үйлчилгээг хүмүүс авна. Шинээр батлагдах халамжийн хуулиудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай их хэмжээний хөрөнгийг 2013 оны төсөвт суулгах нь дараагийн Парламентын бүрэн эрхэнд халдсан хэрэг болно. Энэ бол туйлын зохисгүй явдал. Сонгууль болдгоороо болно шүү дээ.
-Халамжийн бодлого, түүнд зарцуулдаг хөрөнгө улсын эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогод ихээхэн дарамт болдгийг учир мэдэх хүмүүс шүүмжилдэг. Харин халамжаар амьдраад сурчихсан хэсгийнхэн “АН-ынхан ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ” гэнэ дээ?
-Хүүхдийн мөнгө гэж өгдөг байв. Зайлшгүй халамж хэрэгтэй. Төсөвт айхавтар дарамт болгохгүй гэвэл хүүхдээр дамжуулсан бодлого хэрэгжүүлье. Хүүхдэдээ сар бүр 20 мянган төгрөг олгоё гэсэн хуулийн төсөл бэлэн. Үүнийг хэлэлцэхийг АН дэмжинэ. Түүнээс бус АН нийгмийн халамжийн бодлого, эх, хүүхдийн эсрэг зүйл яриад байна гэвэл утгагүй. Ёстой богино зайн улс төр хийж байна гэж хэлнэ. Үнэхээр л халамжийн бодлого ярья гэж байгаа бол асуудалд томоор хандъя. Төсөв, эдийн засгийн чадавхиа харгалзъя гэсэн саналтай байгаа.
-Сонгогчдод таалагдахын тулд элдэв зүйл амлахгүй гэсэн Сонгуулийн хуулийн заалт зөрчигдөх л юм байна. Намуудын төлөөлөл ширээ тойрч суугаад мөнгө амлахгүй гэсэн гэрээ хүртэл байгуулсан бус уу.
-Том эрх ашгаа бодож, нэгдсэн зөвшилцлөөр асуудалд хандаж байхгүй бол улс төр л болно. Нэг нь дэмжиж, нөгөө нам нь халамжийн эсрэг юм шиг байдлаар хандвал утгагүй. Халамж хавтгайрахаараа хүмүүст тус болохоос илүү ус болох хандлага ажиглагддаг. Цаашлаад эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх зам руу явна шүү дээ. Бидэнд ийм “сонгодог” жишээ бий. Тийм учраас л хоноцын сэтгэлээр халамжийн бодлогод битгий хандаарай гэж уриалаад байгаа юм. Нийгмийн аль нэг хэсгийнхэнд АН таалагдахыг хүсвэл халамжийн бодлогоор “пиар” хийж чадна. Халамжийн бодлого хэрэгжүүлэхдээ нийгэм, эдийн засгийнхаа өсөлтийг харгалздаг байх хэрэгтэй. Ямар татвараа нэмж, хаанахын хөрөнгө оруулалтыг танах. Хэдэн хувийн хүүтэй зээл хаанаас авч, Засгийн газар ямар нөхцөлтэй өрийн бичиг гаргаж халамжид зарцуулах хөрөнгө босгох юм. Эх үүсвэр нь маш тодорхой байх хэрэгтэй. Сонгуульд адил тэгш нөхцөлөөр оролцохын тулд халамж тойрсон хэрүүл, улс төрийн тэмцлээ түр зогсооё л гэж байгаа юм, АН.
-Монголбанкны удирдлагатай хариуцлага тооцох ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Асуудлыг УИХ-д албан ёсоор тавьсан уу?
-Шатахууны үнэ өсөхөд хуйвалдаан нөлөөлөөгүй гэдгийг ямар ч хүн ойлгохоор болчихлоо. Валютын ханшны зөрүүгээс болж үнээ нэмсэн гэдгээ импортлогч аж ахуйн нэгжийнхэн маш тодорхой тайлбарласан. Тийм учраас Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг манай бүлгийн гишүүд гаргаж, УИХ-ын даргад албан ёсоор өгсөн. Бодлогын хүүгийн зохицуулалтыг Монголбанк хийж чадахгүй байна. Энэ төрлийн хүү буурахгүй байгаагаас зээлийн хүү доошлохгүй байна. Мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжиж чадахгүй байгаа нь Монголбанкны удирдлагын алдаа. Монголбанкны удирдлагыг АН-ын бүлэг дуудаж уулзаад ханшны зөрүүг багасгах арга хэмжээ ав гэж шаардсан. Үүнийг биелүүлж чадахгүй бол огцруулах хүртэл хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Түүнээс хойш долоо хоногийн дотор хар зах дээр 1480 төгрөг хүрсэн ам. доллар өнөөдрийн байдлаар 1395 болтлоо буулаа. Энэ хэмжээгээр шатахууны үнийг буулгах ёстой.
-Шинээр томилуулах зургаан сайдын нэр тодорхой боллоо. АН амласнаараа тэдний томилгоонд саад учруулахгүй байж чадах уу?
-Засгийн газрын гишүүдийг томилдог хуулийн зохицуулалт бий. Түүгээрээ л явах байх. АН-ын бүлэг хуралдаанаараа ярилцаад байр сууриа илэрхийлнэ.
-Засгийн газраас АН гишүүдээ татсан. Одоо гишүүдийнхээ удирдаж буй Байнгын хорооны даргын суудлыг бас өгөх ёстой байх?
-Сайд нарыг хурдан томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түүний дараа УИХ-ын удирдлагын түвшинд Байнгын хороодын дарга нарын асуудлыг ярих байх.

Го.ЭНХТӨР