Монголын хөрөнгийн биржийнхэн Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар юу хийж, ямар үр дүнд хүрснээ өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Хэвлэлийн хуралд МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Д.Мөнхтүшиг, Бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал Г.Саруул болон Лондонгийн хөрөнгийн биржийн Гадаад харилцааны албаны захирал Антонелла Амедей, Глобал хөгжлийн албаны захирал, “Миллениум Ай Ти” компанийн гүйцэтгэх захирал Тони Вийрсинг нар оролцлоо.

Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн стандартад нийцүүлэх ажлын эхлэл болсон Түншлэлийн гэрээний хүрээнд мэдээллийн технологи, хүний нөөц, хууль эрх зүйн талаар Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч байгаа аж. Тухайл бал, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийнхэн төдийгүй Сангийн яам, ХЗДХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагын 60 гаруй мэргэжилтнийг Улаанбаатар Лондон хотод хоёр сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулжээ. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуу лийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, төслийн эцсийн хувилбарыг ХЗДХЯ-нд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн бирж 1.5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь 2010 онтой харьцуулахад 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Цаашид олон улсын уул уурхайн томоохон компаниудын хувь цааг ч Монголдоо арилжих боломж нээгдэнэ гэдгийг Биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн юм. “Өнгөрсөн хугацаанд гарсан үр дүн бол Монголын хөрөнгийн зах зээлийн гэрэлтэй ирээдүйн зөвхөн нэгээхэн хэсэг. Мөсөн уулын зөвхөн орой нь л гэсэн үг. Бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг ТӨХ, СЗХ зэрэг байгууллагад баярлалаа. Цаашид төлбөр тооцооны системийг ч шинэчлэх учраас банкуудыг энэ ажилд татан оролцуулна. Бас шинэ хуулиа даруйхан батлах хэрэгтэй байна” хэмээн ноён Тони Вийрсинг ярилаа.
Л.ГАНЧИМЭГ