Сайдад дэвшүүлсэн зургаан хүнийхээ талаар зөвшилцөх саналаа Ерөнхий сайд Ерөнхийлөгчид өчигдөр хүргүүллээ. Долоо хоногийн дотор хариуг нь өгөх хуультай юм. Гэхдээ С.Батболдын хүлээсэн бичгийг Ц.Элбэгдорж ирүүлэх болов уу. Эргэлзээтэй санагдаж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Төрийн тэргүүн Ерөнхий сайдыг хүлээж авч уулзахдаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал бодлоо хуваалцах үеэрээ зарим чиглэл өгсөн. Нэгэнт АН засгаас гарч, орон тоо цөөрсөн учир Тэргүүн шадар, дэд сайдын суудлыг цомхтгож, сандал, ширээ, цалин пүнлүүг нь хураахыг Ерөнхийлөгч зөвлөж байв.
Уг саналын хариуг С.Батболд өчигдөр албан ёсоор илэрхийлж, “Засгийн газар одоогийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тохирсон бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ анхнаасаа баталсан. Тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн хариуцлагатай сүүлийн жилдээ орсон тул бүтцийг өөрч лөх шаардлагагүй. Засгийн газрын өнөөгийн бүтцийг хэвээр нь ажиллуулна” гэв. Энэ үгийг Ерөнхийлөгч таатай хүлээж аваагүй бөгөөд зөвшилцлийн талаар санал солилцохоор АН-ын лидерүүдтэй өчигдөр үдээс хойш уулзсан гэх баттай бус мэдээлэл байна.
Сайдад нэр дэвшигчдийн талаар АН ямар байр суурь баримтлах вэ гэсэн асуултад УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч хариулахдаа “Бид эхлээд бүлгийн хуралдаанаараа хэлэлцсэний дараа байр сууриа илэрхийлнэ” гэж хариулав. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эсрэг тэсрэг байр суурь, АН-ын бүлгийн ахлагчийн ярьсан зэргээс үзвэл зөвшилцлөөс нааштай үр дүн одоогоор харагдахгүй байна. Бидний таамаглаж буйгаар Ц.Элбэгдорж өөрт ашигтай нүүдэл хийж таарах байх. Тэглээ гээд Ерөнхийлөгчийг гуйж гувшаад байх шаардлага Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргад байхгүй.
Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор ойлголцож чадахгүй бол сайдад нэр дэвшигчдээ УИХ-д шууд өргөн мэдүүлэх эрх нь С.Батболдын өмнө нээлттэй. Парламентын 76 суудлын 45-ыг бүрдүүлдэг намын хувьд зөвшилцөл бол зүгээр л хуулийг биелүүлэх үйл ажиллагааны хэлбэр төдий зүйл. Түүнийгээ мэдэж байгаа учраас Ерөнхийлөгчийн өгсөн улс төрийн даалгаврыг биелүүлэх боломжгүйгээ шулуухан мэдэгдсэн биз ээ. Сайдын томилгоо бол цэвэр улс төр, ашиг сонирхлын зорилгоор хийгддэг эд учир С.Батболдын болоод нэр дэвшигчдийн хамгийн их эрхшээж буй хэсэг бол УИХ дахь намынх нь бүлгийн гишүүдийн хор шар.
Сайдын нэг суудлын төлөө таваас доошгүй хүн бүлгийн гишүүд дундаас нэр дэвшсэн, Удирдах зөвлөлөөс дэмжлэг авахгүйгээ мэдээд бодлоо тас нуусан энэ тэрээр нь тооцвол УИХ дахь бүлгийн нь гишүүн бүрт сайд болох хүсэл байсан нь үнэн юм. “Энэ нөхөр яаж сайд хийж чадна аа” гэж бодохоор этгээд тэр зургаагийн дотор байна лээ. Өөрөөс нь дор нөхөр хор найруулсаар байгаад арай дөнгүүр нэгнээсээ илүү санал авсан байдал илт харагдаж байгаа юм. Энэ мэт шалтгааны нөлөөлөл, элдэв дарамт шахалтад орчихгүй бол сайдад нэр дэвшигчийн зарим нь бүлгийн гишүүдээсээ дэмжлэг авахгүй байх магадлалтай. Түүн дээр нь АН-ын бүлгийн 27, З.Алтай, С.Оюун, Д.Энхбат, Ц.Шинэбаяр нарын эсрэг санал нэмэгдэнэ гэж үзвэл эрсдэл бий.
МАН-ынхан атгасан шагай шиг байж чаддаг зарчимтай. Сонгууль болоход зургаахан сар үлдсэн энэ хугацаанд Засгийн газрыг цаг хугацаа алдахгүйгээр, төр, засгийн ажил цалгардахгүйгээр, завсар гаргахгүйгээр бүрдүүлэх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурийг УИХ-ын олонх эрх биш ойлгох биз ээ. Доорх тодорхойлолтоос үзвэл Ерөнхий сайдын мэргэшсэн, өндөр чадвартай, салбартаа танигдсан, туршлагатай, нэр цэвэр гэсэн шалгуурыг зарим нэр дэвшигч хангаж чадсанг үй. У.Хүрэлсүх боломжийн нэр дэвшигч. “Бид явлаа. Ачаа, хариуцлагаа үүрээд ганцаараа яв” гэж МАН-тай салах ёс хийхдээ АН-ынхан хэлээд улс төрийн сонголтоо хийгээд бултсан. Сонгууль хүртэл С.Батболд галын цэг байх нь гарцаагүй. Тийм үед түүнд хамгийн найдвартай гал хамгаалагч, шударга анд хэрэгтэй. Энэ шалгуурт У.Хүрэлсүх тэнцжээ.
Аварч, хянадаг хамгийн хүнд салбарыг дөмөгхөн авч явсан сайд, улстөрчийн шулуун шударга зангаараа олонд танигдсан нэгэн, тэр. “Төр, засгийн үйл ажиллагаанд гол зорилт, бүх эрч хүчээ зориулах ёстой тул МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайдад санал болгосон. МАН-ын гол боловсон хүчнүүдийг төр, засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой” гэж үзэж ийм сонголт хийснээ Ерөнхий сайд тайлбарлав.
Н.Хүрэлбаатар. Олонд төдийлэн танигдаагүй ч эмнэлгийн асрагчаас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ “өссөн” түүнийг салбартаа танигдсан, мэргэшсэн гэж л дүгнэе. Ерөнхий сайдын энэ сонголт зөв шийдвэр байх. Д.Цогтбаатар. Мөн л олонхийн таашаалд нийцэж байгаа нэр дэвшигч. Түүний боловсрол, мэргэжлийн чадварыг өөлж байгаа хүн дуулдсангүй. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байв. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр удаа ажилласан түүнд аппаратын ажил хариуцах их туршлага байж таарна. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилоод түүнийг ЗГХЭГ-ын даргыг аваасай гэсэн хүлээлт байсан. Хүн нь зөв ч, БОАЖ-ын сайдад дэвшүүлсэн нь юу л бол. Ж.Энхбаяр. Их л дээшээ ахих тухай мессэж хангалттай цацагдсан. Намын залуус дундаа нэр хүндтэй. Чармайлттай, санаачилгатай гэгддэг. Монголын нэртэй генерал, цэргийн зүтгэлтний гэр бүлд өссөн. Бас ч үгүй хэсэг хугацаанд цэргийн онол судалж, хоолыг нь идсэн гэдгээрээ шинэдээд байхгүй гэнэ.
Д.Хаянхярваа. Аль ч талаараа Сангийн сайдад жулдана. Бараг хүн бүр тэгж хэлж байна. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг хүрээд ирээсэй гэж Сангийн яамныхан, С.Баярцогт сайд ч хүлээлттэй байсан тухай яриа бий.
Ц.Дашдорж. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажилласан тухай намтарт нь бий. Тамхины наймаачин гэсэн муу нэр байнга дагалддаг. Үүнээсээ болж УИХ-ын дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулахаа шахсан. ЗТБХБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Баттулга архи, тамхины наймаачдын УИХ-д нэр дэвших эрхийг хасах хуулийн төсөл санаачилсан ч архи, тамхины бизнестэй холбоотой гишүүдийн хүчтэй эсэргүүцлийг давж чадаагүй. Энэ бүгдээс эрхэм “сайд горилогч”-дод УИХ дээр саад тотгор, эрсдэл байж болох нь гэсэн дүгнэлт гарч байгаа юм.