Тэргүүн шадар сайдад МАНын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг санал болгоод буй. Томилгоог жинхлээгүй байтал түүний улс төрийн албан тушаалыг хэрхэхийг сонирхсон хэсгийн хүлээлт бий болоод эхэлжээ. Баттай эх сурвалжийн хэлснээр, генсек өөрт нь зориулж намын дүрэмд өөрчлөлт оруулахгүй гэсэн байр сууриа гишүүддээ хэлсэн байна. Харин түүний тойрон хүрээлэгчид, өрсөлдөгчид нь хачин санал тавьжээ. Сонгуулийн ийм хариуцлагатай үед дүрэмдээ өөрчлөлт оруулж, Тэргүүн шадар сайд, ерөнхий нарийн бичгийн даргыг хавсран ажиллахыг санал болгосон аж. Энэ хувилбарыг Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн гишүүд таатай хүлээж аваагүй юм байна. Ирэх сарын 2-нд болох Бага хурлаар У.Хүрэлсүхийг намын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлнө. Энэ тухайгаа ч намын дарга С.Батболд нотолжээ. Түүний оронд намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар генсек болох магадлал өндөр гэнэ.