Олон жил ярьсан ч баталж “дийлэхгүй” байсан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар гараас гаргалаа. Ашиг сонирхлын зөрчлийн хэмээн нэрлэж буй уг хуулийн үр дүнг сайжруулахын тулд Авлигын эсрэг болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хамт өргөн барьсныг ч өчигдөр баталсан. Уг хуулийн дагуу нийтийн албанд ажиллагчид жилд хоёр удаа АТГ-т мэдүүлэг өгөх ёстой болж байна. Тэд төрийн албан хаагчийнхаа хувиар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө. Үүнээс гадна хувийн сонирхлын мэдүүлэг нэмж өгөх боллоо. Үүгээр тухайн салбар, ажилтай нь холбоотой хувийн ямар нэг асуудал байгаа эсэхийг тогтоох аж.
Хууль зөрчсөн албан тушаалтанд өөрчлөн баталсан Эрүүгийн хуулиар хатуу арга хэмжээ авна. Авлига, хүнд сурталтай ашиг сонирхол холбогддог учраас Авлигын эсрэг хуульд ч холбогдох өөрчлөлтийг оруулжээ. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хийх үед сонгууль дөхсөн байх учир хэрэгжих хугацааг хоёрдугаар сарын 15-наар тогтоох санал гарав. Төсөл санаачлагчдын нэг Х.Тэмүүжин “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хоёрдугаар сарын 15- наас гээд заачихаар хөрөнгө орлогын мэдүүлэгтэй давхардаад асуудал үүснэ. Шинэ хуулийг хэрэгжүүлэхийн өмнөх бэлтгэл ажилд хугацаа хэрэгтэй учир уг хуулийг долдугаар сарын 15-наас хэрэгжүүлэх болгож, нөгөө хоёр хуулийг хоёрдугаар сарын 15-наас мөрдөхөөр зохицуулах нь зөв” гэлээ.
Сонгууль дөхсөн учир авлига, ашиг сонирхлын олон хэрэг гарч болзошгүй. Тиймээс Авлигын эсрэг болон Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг сонгуулиас өмнө мөрдөж эхлэх ёстой гэж тэр үзсэн юм. Э.Мөнх-Очир ч ийм байр суурьтай байлаа. Уг саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй юм. Тиймээс гурван хуулийг хамтад нь долдугаар сарын 15-наас дагаж мөрдөхөөр заажээ. “Сонгуулиар хамаг луйвраа амжуулж хийх нь л дээ” хэмээн Э.Мөнх-Очир эгдүүцэв. Мөн УИХ-ын Тамгын газраас “Ашиг сонирхлын тухай хуулийг долдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр заасан. Тиймээс түүнийг дагалдаж оруулж ирсэн хоёр хуулийн хэрэгжих хугацааг салгаж, урагшуулах боломжгүй” гэсэн тайлбар өглөө.
Ингээд эдгээр хуулийг батлах санал хурааж, 93.6 хувийн дэмжлэг авахад Х.Тэмүүжин гишүүн ганцаараа алгаа ташив. Нэлээд олон сар хэлэлцүүлэг өрнөж, бас гацсаны эцэст Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг баталсанд тэр талархжээ. УИХ-ын дарга ч “Олон жил ярьсан чухал хуулийг баталлаа. Зөв сайхан хэрэгжүүлбэл үр дүн их. Тэгэхгүй бол эрсдэл байгаа шүү” хэмээн сануулаад нийтийн албанд ажиллагчдыг хуультай онцлон танилцаж, хазгай гишгэхгүй явахыг сануулав.
С.УУЛ