Орхон аймагт цаг агаар тогтуун, налгар, дулаан өвөл болж байгаа ч, улс төрийн амьдрал нь ороо бусгаа, дарга, даамлуудын нь зан авир шалдир булдир, өмнөх хойтохоо уудлалцаж, өөр хоорондоо толхилцох аж. Тус аймгийн Засаг дарга асан Б.Оюунбаттай холбоотой хэрүүл заргаас эрдэнэтчүүд нэлээд залхаж. Тэрбээр аймгийнхаа төсвийн хөрөнгөөр “гараа угааж”, удаа дараа тендер будлиантуулж, хувь хүртэн хөлжсөн нэгэн гэгдэх төдийгүй тэр хавьдаа хэнд ч дийлдэхээ байсан “эзэн хаан” болоод байсан юм байх. Иймд аймгийн ИТХ хуралдаж, Б.Оюунбатыг Засаг даргаас огцруулах шийдвэр гаргаснаар эхэлсэн хэрүүл одоо ч үргэлжилсээр. Хамгийн гол нь энэ үйл явдал ямар нэг арга замаар төрийн албанд шургалж, эрх мэдэлд хүрсэн болгон өөрийгөө өө сэвгүй, баастай бурхан гээд итгэчихдэг. Алдаа гаргаад албанаасаа буухаар бол зарга үүсгэн, өргөдөл, чирэгдэл болж, эцэс төгсгөлгүй хэрүүл үүсгэн, төрийн ажил тэр хэрээр гацаанд ордог явдал ужиг болсныг харуулж байгаа юм.
Орхон аймгийн ИТХ-ын гишүүдийн 90 хувь нь түүнийг огцруулахаар санал өгсөн юм билээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ч Б.Оюунбатыг огцруулах аймгийн ИТХ-ын шийдвэрийг дэмжсэн. Тухайн үед өөрийн бурууг хүлээж, ИТХ-ынхаа шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авсан Б.Оюунбат одоо болохоор өөрийгөө өндөг шиг өөгүй нэгэн байсан хэмээн эргэж заргалдахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд санаа нэгдэн Орхон аймгийн Засаг даргын суудалд санаархсаны золиос боллоо гэх болж. Яг үнэндээ сайдын зэрэглэлтэй албан тушаал хашиж, Монгол Улсын төсвийн 60 хувийг дангаараа бүрдүүлдэг том үйлдвэрийг удирдаж байгаа хүн аймгийн Засаг даргын суудалд зүтгэж байна гэвэл итгэхэд бэрх.
Ийм нэгэн маргаанаас болж Орхон аймагт улс төр бяцхан хямарсан хэвээр. Гэвч ирэх даваа гаригт энэ бүхнийг эцэслэн тус аймгийн Засаг даргыг шинээр сонгохоор болсон сурагтай.
Ш.ДАВАА