Хамтарсан Засгийн газраас гарах намынхаа шийдвэрийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан зургаан сайдын асуудлыг УИХ-ын өчигдрийн чуулганаар хэлэлцлээ. Үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ талаар ярьсан юм. МАН-ынхан хэл үггүй чөлөөлөөд дараагийн сайд нараа томилох хүсэлтэй байсан бол хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцдэг, шүүмжилдэг байсан АН-ын гишүүд нэлээд хэл ам хийж, “чаргууцалдав”. Угаасаа нам нь хамтарсан Засгийн газраас гарч байгаа ч орсон нь алдаа байсан тухай тэд шүүмжилсэн юм. Тухайлбал, АН-ын сайд нарыг чөлөөлөх асуудлыг хууль зөрчиж оруулж ирсэн хэмээн Э.Бат-Үүл үзлээ. Тэрбээр МАН сонгуулийн дараа гишүүдийг тангараг өргөхөөр барьцаалан байж АН-ыг хамтарсан Засгийн газарт оруулсан гэж тэр хэлэв. Мөн “Өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль хүнд байдалд орсон. Сонгуулиар олонх болсон, эсвэл хамгийн олон суудал авсан нам Ерөнхий сайдаа сонгож, түүний дагуу Засгийн газраа байгуулдаг. Хууль тогтоох байгууллага цөөнхийн хяналт дээр оршдог.
Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ зарчим алдагдсан. Одоо бүр олон нийт Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ярих болсон байна. Ер нь 2012 онд тайван сонгууль хийж, ард түмний сонгох эрхийг олгож чадах уу. Цаашид улс төрийн дур зоргыг хуулийн дээр тавих ёсгүй. Зургаан сайд нь гарч буй учраас Засгийн газар огцроод МАН дангаараа дахин байгуулах ёстой” гэх мэтээр ярив. Үүнд нь Ерөнхий сайд “Танай намын ҮЗХ-ны хурал дээр ярих асуудлыг л энд яриад байна. Улс төрийн шийдвэр гаргадаг газраа наад асуудлаа ярь” хэмээн дургүйцэв. Д.Очирбат гишүүн ч бас хошуу нэмж, “Хэн нь 2-3 сараар завсарлага авч шантаажилж байж хамтарсан Засгийн газар байгуулсныг бодоорой” гэсэн юм. Р.Раш “Нэг нь санал тавьсан. Нөгөө нь гуяа алгадаад хүлээж авсан. Болдоггүй юм хэчнээн ч нааж хадаад салдаг л юм байна. Уг нь Оюутолгойн гэрээг байгуулчихаад л Засгаас гарах тухай ярих байсан. Гэтэл тэр үед та нар чимээгүй байсан. Одоо улс төрийн тоглоом хийхээ боль” гэх мэтээр ярив. Нэгэнт хүсэлтээрээ ажлаа өгөх гэж буй сайд нарыг зүгээр явуулахын оронд үүгээр шалтаглан хамтарсан Засгийн газрыг шүүмжилж, улмаар нэг нэгэн рүүгээ чулуу шидэх боломж болгоодохов, гишүүд. Д.Энхбат: -Өмнө нь “62-ын бүлэг” гэж байхад ч иймэрхүү асуудал болж байсан. Хуулиас дээгүүр улс төр байхаар дарангуйлал тогтдог. Мэдээж стандарт бус Засгийн газрыг засаж байгуулах ёстой. Гэхдээ үүнийгээ хуулийн дагуу хийх учиртай. Хамтарсан Засгийн газар стандарт бус байсныг хүлээн зөвшөөрчихөөд дараагийн асуудлаа ярь. Зургаан сайдыг чөлөөлөх асуудлаар Байнгын хороо шийдвэр гаргаж болохгүй. МАН-аас энэ тухай албан ёсны шийдвэрийг авсны дараа ярих ёстой. Хувь хүмүүсийн хүсэлтээр асуудал ярих ёсгүй. МАН авлига өгсөн, АН түүнийг нь авсан шүү дээ.
Ч.Сайханбилэг: -Олонх, цөөнх хамтраад Засгийн газар байгуулсан түүх дэлхийн улс оронд олон. Тэр үед сонгогчид нь “Авлига авчихлаа, цөөнх үгүй боллоо” гэж байгаагүй. Цаашид ч хамтрах жишиг гарна. Ленин гэвэл Коммунист нам гэж ойлгоно гэдэг шиг Д.Энхбат гэдэг хүн одоо ИЗН, НН-ын алинд байгааг би сайн мэдэхгүй юм. Нэг хүний нам уг асуудлыг ойлгохгүй байж болно. АН шийдвэрээ гаргасан. Хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг нам дотроо ярилцана.
Д.Лүндээжанцан: - Элдвээр хэлүүлж шүүмжлүүлсэн ч гэсэн эхлүүлсэн зорилгоо дуусгасан бол одоо ингээд нэгэндээ том том мэдэгдэл хийгээд суухгүй байсан. Тэр үед улс төр, эдийн засгийн нөхцөл хүнд байсныг харгалзаад л хамтрах шийдвэр гаргасан. Энэ Засгийн газрыг хуулийн дагуу л байгуулсан. Хууль бус эсэхээр хүн бүр байр сууриа хэлж байна. Гэвч эцсийн шийдвэрийг Цэц л гаргана. Ер нь С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөхөд С.Батболдыг сонгосон. Тэр үед сайд нарыг чөлөөлөөд, дахиад томилсон шүү дээ. Тэгэхээр одоогийн сайд нар хоёр дахь удаагаа томилогдоод ажиллаж байгаа гэсэн үг. Сайд нар өргөдлөө өглөө, асуудлыг одоо хурдан шийдэж өгөх хэрэгтэй байна.
Н.Энхболд: -Аргагүй л сонгууль дөхсөн байна. 2008 оны дараа нөхцөл байдал ямар байсныг амархан мартжээ. Уг нь хамтарсан Засгийн газар Тавантолгойн асуудлыг шийдчихсэн бол бүр сайн байх байлаа. Одоо АН гарч байгаа болохоор энэ асуудлыг шийдэж чадахгүй биз. 2008 онд МАН дангаар Засгийн газрыг байгуулсан бол улс төр ярих байсан. Гэтэл одоо улс төр ярих гэхээр хууль яриад байх юм. Сонгууль дөхөөд хүмүүс хаана, яаж харагдахаа бодоод эхэлчихэж л дээ.
С.Баярцогт: -Байнгын хорооны гишүүд Үндсэн хуулийг хүндэтгэхгүй байгаад харамсаж байна. Би Үндсэн хууль батлалцсан, 2000 онд өөрчлөлт оруулахыг ч санаачилсан хүний нэг. Та бүхэн Үндсэн хуулийг буруу тайлбарлаж байгаад харамсаж байна. Үндсэн хуульд олонх, цөөнх хамтарч болохгүй гэж заагаагүй. Үндсэн хуулийн 33.2-т “Олонх болсон намаас Ерөнхий сайд томилно. Хэрэв олонх болоогүй бол хамгийн олон суудал авсан намаас Ерөнхий сайд томилно” гэсэн. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор томилно” гэж байгаа. Ерөнхий сайд аль ч намын, нам бус хүнийг ч санал болгох эрхтэй. Хамтарч Засгийн газраа байгуулсан гурав дахь тохиолдол нь энэ болсон. Зургаан сайд чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Хуулийн дагуу л бүх асуудал өрнөж байна. Үндсэн хуулиа уншихгүйгээр дур зоргоор ярих ёсгүй шүү. Энэ мэтээр маргаад Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Ганс үх, С.Ламбаа, Х.Баттулга, Л.Болд нарын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг 17 гишүүний 15-ынх нь саналаар дэмжлээ. Э.Бат- Үүл цөөнх болсон. Үүний дараа УИХ-ын чуулган залган хуралдав. Асуулт тавихаар 20 гаруй гишүүн нэрээ өгчээ. Засгийн газрын мөрийн хөт өлбөр хэрхэн биелснийг сайд бүрээс асуухыг тэд хүсчээ. Байгаль орчны салбарынх 90 хувь биелсэн, Сангийн сайд хийж гүйцэтгэсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа, төсвийн ил тод байдал, эдийн засгийн үзүүлэлтээрээ манай улсын байр суурь дэлхийд дээшилсэн гэдгийг хэлэв. Олон хүн асуулт тавьж, цаг сунжраад байсан тул Ө.Энхтүвшин шууд санал хураах горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй. МАН муулах гээд, АН-ынхан сайд нараа магтах гээд байгаа мэт сэтгэгдэл үүнээс төрнө хэмээн тэр сэрэмжлүүлсэн ч гишүүд тоосонгүй. Олон гишүүн хамтарсан Засгийн газрыг шүүмжлэх “далим” гаргаж асуултууд тавьсны эцэст сайд нарыг чөлөөллөө.