АН хамтарсан Засгаас гарч, сайд, дэд сайд нар нь чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 12-ны өдөр албан ёсоор өгсөн. Гэвч энэ өдрөөс хойш ес хонож байж, өнгөрсөн баасан гаригт сая нэг сайдуудыг чөлөөлөв. Сонгууль тойрсон улс төрийн шоу Засагт халдан, гүйцэтгэх засаглалын 40 хувийг эзэнгүйдүүлснээс морь унасан толгойгүй хүн мэт ес хоногийг үдлээ. Засгийн газрын тухай хуульд орон гарсан танхимын гишүүнийг УИХ 30 хоногийн дотор нөхөн томилох заалт бий. Энэ удаа нэг, хоёр биш таван сайд, зургаан дэд сайд буюу танхимын 40 хувийн асуудал хөндөгдсөн.
Хуучин сайд нарын орыг залгах эрхмүүдийн асуудал энэ долоо хоногоос эхлэн яригдана. Гэсэн ч хуулийн хугацаанд буюу цагаан сараас өмнө 100 хувь бүрдэх эсэх эргэлзээтэй. Тиймээс сонгуулиас хэдхэн сарын өмнө үүссэн улс төрийн энэ нөхцөл байдлыг шуурхай цэгцлэхэд МАН нэлээд хүчин чармайлт гаргахаас аргагүйд хүрээд байна. Дэд сайд нарын тухайд нь байдал бүр ч тодорхойгүй байна. Сайд нарыг томилсны дараа дэд сайдын асуудал яригдах нь нэгэнт тодорхой. Тэр болтол АН-ын дэд сайд нар албаа хашсаар байх уу?
Үүрэг гүйцэтгэгч дэд сайд гэхэд хаашаа юм, өөрсдөө ч учраа олохгүй шахам байгаа тэд орныхоо хүнийг хүлээж байгаа бололтой юм. Асууж сураглавал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргалаас бусад нь ажлаа хийж байгаа аж. Х.Золжаргалын хувьд АН-ын шийдвэр ёсоор ажлаа өгч, өрөөгөө суллан, гурван жил амраагүй амралтаа эдлэхээр оджээ. Харин бусад нь нэгэнт явах нь тодорхой ч өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэгсэн. Сайд томилогдтол дэд сайд нар тодорхой статусгүйгээр албан тушаалаа хашсаар байгаа нь зөв үү. Энэ цаг хугацааны цоорхойг өөртөө болон бусдад зориулан ашиглахгүй байх ёс зүй тэдэнд бий юү?
1998 онд М.Энхсайханы Засгийн газар огцрохынхоо өмнө амжиж 40 гаруй архины тусгай зөвшөөрөл олгосон хэрэг мандаж байсан гашуун сургамжийг сануулахад илүүдэхгүй биз ээ. “Ноосоо тушаачихсан” хэрнээ суудлаа манан суугаа хүмүүс зөвхөн дэд сайд нар биш. Газрын тосны газрын дарга, дэд дарга нар уг нь аль эрт ажлаасаа нь чөлөөлөгдсөн. Гэтэл орны хүнийг нь, үүрэг гүйцэтгэгчийг нь томилох шийдвэрийг Засгийн газар мөн л эцэслэн шийдээгүйгээс одоо хүртэл албан тушаалаа хашсаар, үүрэг даалгавар өгсөөр, эрх ямбаа эдэлсээр л байна. Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар орны хүнийг нь сонгон шалгаруулж, томилох учиртай. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан бол үүрэг гүйцэтгэгч томилоод явуулчихаж болдоггүй юм уу. Энэ мэт халагдсан, огцорсон хүмүүс халаагаа авах хүнээ хүлээн, ажлаа хийсээр байгааг хуулийн цоорхой гэх үү, Засгийн өршөөл гэх үү. “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэгсэн. Явах дарга нараар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлсээр байгаад ямар учир байна бэ?
Д.ЭРДЭНЭ