УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны үдийн завсарлагыг эс тооцвол бүтэн өдөр хаалттай үргэлжлэв. Намрын чуулганы үлдэж буй хугацаа, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын аль алинд нь ач холбогдол өгч, дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн гэсэн боловч гишүүдийн дуу үе үе өндөрсөх нь хаалганы цаанаас дуулдаж байв.
Сураг тавибал Н.Ганбямба, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Бадамсүрэн, Р.Раш нарын гишүүд сайд нарын томилгооны асуудлаар намын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой ширүүхэн маргаан өрнүүлсэн сурагтай. “Нам инфляцын шуурган гал дундуур сонгуульд орох гэж байна. Гэтэл намын нэрийг шалбаагт хутгасан нөхдүүдийг сайдад нэр дэвшүүллээ. Та өрсөлдөөний зарчим баримтална гэчихээд долдой нараа далдуур ажиллуулсан. Огцорвол таарна” гэх мэтээр Н.Ганбямба С.Батболд руу давшилсан гэнэ.
АТГ-ын дэд дарга Б.Хурц МАН-ын таван гишүүнийг бариад хорьчихсон байхад сонгуульд ялахыг нь харна аа гэсэн тухай яриа байдаг. Тэр ажлаа эхлүүлсэн тухай ч гишүүдийн дунд шивэр авир яриа өрнөсөн чимээ байна. АН-ын бүлэг үдээс хойш хуралдаж, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор үүсэж буй нөхцөл байдлыг хэлэлцжээ. Мөн Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрт хүрсэн байна. Бүлгүүд хэлэлцсэн асуудлынхаа талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна.
Г.ЭНХ