Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулах хүмүүсийн нэр бүхий зөвшилцөх бичгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ерөнхий сайд С.Батболд уржигдар дахин хүргүүлсэн билээ. Ерөнхийлөгч өчигдөр хариуг нь өгсөн байна.
Түүнд “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Сангийн сайдаар Д.Хаянхярвааг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаярыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Дашдоржийг, Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатар нарыг тус тус томилуулах асуудлаар саналаа ирүүлэхийг хүссэн таны албан бичигтэй танилцлаа. Миний бие өмнө нь хэлж, мэдэгдэж байсанчлан төрийн хууль тогтоох дээд байгууллага УИХ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх эрх мэдэл бүхий Засгийн газар хоорондын эрх, үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгох, эрх мэдлийн хуваарилалтыг хангаж, хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй. Мөн хамтарсан Засгийн газрын үед байсан Тэргүүн шадар сайдын албан тушаал шаардлагагүй гэж үзэж буйгаа дахин нотолж байна.
Иймд Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд УИХ-ын гишүүнийг Гүйцэтгэх засаглалын гишүүнээр давхар ажиллахыг хориглосон зүйл, заалт байдаггүй. Эл үндэслэлээр Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхий сайд хүлээж авах боломжгүйгээ хэлэв.
Засгийн газрыг бүтэн болгохын төлөө УИХ шуурхай ажиллана
Үүгээр зөвшилцөл дууссан учир Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслөө Ерөнхий сайд С.Батболд өдөр нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах асуудлыг Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2, З дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэг дэх заалтад заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна” хэмээн төсөлд дурдсан байна. Тогтоолын төслөө өргөн мэдүүлсний дараа С.Батболд сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг УИХ-д өргөн мэдүүлж, томилуулах саналаа УИХ-ын даргад гардуулж өглөө. Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй шуурхай явах ёстой. Үнийн өсөлт, түүнийг тойрсон асуудал, төр засгийн зүгээс авах ёстой арга хэмжээнүүд, хийх ёстой зохицуулалт, төлөвлөсөн арга хэмжээ гээд цаг үеийн ажил чамгүй их байна. Засгийн газрын хуралдаанаа хийхийн тулд танхимын гишүүдийн ирцийг бүрдүүлэх хэрэгтэй. Тийм учраас тогтоолын төслийг хуулийн дагуу УИХ-д өргөн барилаа. Үнэ ханш болоод цаг үеийн асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, яаралтай шийдэх ёстой гэдгийг ч УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглэж, санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Асуудалд шуурхай хандан холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж УИХ-ын чуулганаар Засгийн газрын нэр бүхий гишүүдийг томилуулах асуудлыг хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга хэллээ” гэв.
-Ерөнхийлөгчийн өнөөдөр /өчигдөр/ ирүүлсэн саналд ямар хариу өгсөн бэ?
-Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөх ёстой. Зөвшилцлийг бичгээр явуулж, хариуг бичгээр авна. Үүний дагуу зөвшилцөл хийгдсэн гэж үзэж байна.
АН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй
Асуудлыг шуурхай хэлэлцэн гэж амласныхаа дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зарим байнгын хорооны хуралдааныг яаравчлуулав. Хариуцдаг чиг үүрэгт нь хамаардаг учир Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ж.Энхбаярын талаар Ерөнхий сайд танилцуулга хийсэн. Санал хураалтад оролцсон 14 гишүүний 12 нь нэр дэвшигчийг БХ-ын сайдаар томилуулахын төлөө санал өгсөн бол Ерөнхийлөгчийн байр суурийг АН-ын бүлэг дэмжиж байгаа учир санал хураалтал оролцохгүй гэжээ. Бүлгийн шийдвэрийн дагуу тус Байнгын хорооны дарга Я.Батсуурь, гишүүн З.Энхболд санал өгөхөөс татгалзсан юм.
Дараа нь Төсвийн байнгын хороогоор Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярваагийн талаар хэлэлцэж, 11:7 саналаар нь сайд болох замыг нь шулуутгалаа. Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсол, соёл, шинжлэх ухааны, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засаг, төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Ц.Дашдорж, У.Хүрэлсүх нарыг сайдаар томилуулах асуудлыг ярьж, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Го.ЭНХТӨР