УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан уржигдар оройтож тарсан учир өчигдөр мэдээлэл хийв. Хаврын чуулган завсарлахад 14 хоног үлдсэн. Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн олон асуудлыг энэ хугацаанд шийдэж амжихгүй учир онцгой гэж үзсэн зарим асуудалд илүү ач холбогдол өгөх ёстой гэж бүлгээс үзжээ. Тухайлбал, С.Бямбацогт нарын санаачилсан Бүсийн нэмэгдлийн асуудал, Д.Очирбат нарын өргөн мэдүүлсэн Олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох тухай, Суурь тэтгэвэр, тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслийг яаравчлуулж, үүнтэй холбоотой саналаа даруй өгөхийг Засгийн газарт үүрэг болгосон байна.
Валютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаад МАН-ын бүлгийнхэн ихэнх цагаа зарцуулсан гэнэ. Инфляцын дарамтыг бууруулах талаар Засгийн газраас авч буй арга хэмжээг дэмжсэн ч ажлаа илүү өргөн хүрээнд явуулах хэрэгтэй гэж үзжээ. Шатахуун импортлох эрхийг төр өөртөө авч, газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломжийг судалж, хаврын чуулган завсарлахаас өмнө саналаа танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгосон байна.
Э.ТӨР