Ийм нэг үг яг одоо УИХ дахь АН-ын гишүүдэд нэн тохирох мэт. Улстөрч хүн шалиг эмээс ч долоон дор. Тэд хэнээс ч урваж, хэнд ч худалдагдаж, бас хэнийг ч худалдахдаа бэлэн хүмүүс байдаг гэдгийг АН-ын гишүүдийн хамтарсан Засгийн газраас гарсан хийгээд гарахдаа хэлсэн үг, гарсан хойноо гаргаж байгаа зан авир, үйлдлээс тодорхой харж болохоор байна. Худрагагүй юм гэж ёстой үүнийг л хэлэх байх даа. Н.Алтанхуяг, Х.Баттулга… гээд. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байсан АН-ын зургаан сайд “стандарт бус” танхимаа өмөөрөн, өөлсөн нэгэнтэй өндгөө харамлах эх шувуу лугаа эсэргүүцэн тэмцдэг байсан шиг санагдана.
Сайдын хувьд ч хариуцсан ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан тэд нэг л өдөр хувирчихлаа. Хувирахдаа ингэж худрагагүй зан гаргана гэдгийг харин АН-ынхнаас бусад нь төсөөлөө ч үгүй биз дээ. ...Шинэ сайд нарыг томилоход нь ямар нэг саад учруулахгүй. Бид засаглалыг хямралд оруулахгүй. Аль болох хурднаар шинэ сайд нарыг томилоход тусална... гэж амлаад явсан АН-ынхан үгээсээ буцан, таг гөжсөнөөр засаглалыг хямралд оруулах эхлэлийг тавьж байгаа бололтой янз нь. Яг үнэндээ засгаас гарч байгаагаа улстөржүүлж, бензин шатахууны үнийг нэмж, нийгэмд бухимдал үүсгэсэн нь санаатай, бодлоготой байсан мэт одоо санагдах боллоо.
Нэгэн цагт хамтарч зүтгэж явсан багаа хүнд нөхцөлд орхиод, эцэст нь хэлсэн амнаасаа буцан “шогтох” нь сайн чанар лавтайяа биш. “Зургаахан сар салбарын сайд хийнэ гэдэг зовж цөхөөд байх ажил биш. Мөнгө, төсөв хийгээд хийх ажлыг нь батлаад, төлөвлөөд өгчихсөн. Сайдаар бараг хүүхэд ч очсон нэг их ялгаагүй” гэх анзааны юм яриад байсан биш бил үү, АН-ынхан. Тэгвэл юмны үнэ нэмэгдэж, жагсаал цуглаан болж, цааш шийдэх асуудал ар араасаа овоорч байхад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахын ач холбогдлыг мэдэхийн дээдээр мэдэх атлаа тэд ийн өөдгүй зан гаргаж гөжүүдлэхийн учир юу байна.
Улс орны гэхээсээ илүү амин хувь, нам бүлэглэлийн эрх ашиг чухал байдаг болохыг засаглалыг гацааж буй үйлдлээрээ нотлох гэсэн хэрэг үү. Э.Бат-Үүл баатрыг аливаад гөжүүд нэгэн гэдгийг мэднэ. Юм юм л үзсэн гэгддэг мань эрхэм Ө.Энхтүвшингийн “Зарим хүн шоудаж байна” гэдэг үгэнд тийм ихээр эмзэглэхийн учир юу билээ. Ийм цаг үед ингэж гөжүүдлэхийн ач тус юу юм бэ гэдгийг мань эрхэм бодвол болгоосон байдаг биз. Гадаа цаг агаар хүйтэн байна. Дээр нь улс төр хямарч хүйтэрвэл зон олон зутарна. Засгийн газарт хийх ажил их бий. Гэтэл сонгууль угтсан улстөржилт гаарч, Засгийн газрын танхим мөд бүрдэхгүй болбол АН, Э.Бат-Үүл баатраас илүү ард түмэн хохирох гээд байна. Нөгөө нэг их улс орны эрх ашиг яриад байдгаа яг энэ үед АН-ынхан санах ёстой юм шиг ээ. Гөжүүд зан илжигний л бахархал байдаг юм гэнэ лээ.