УИХ-д илгээсэн түшээдээс нь Монгол Улсын баатар төрсөн гэвэл ганц Сэлэнгэ аймаг л байна. Сэлэнгэчүүд өнгөрсөн дөрвөн жилд бахархам амжилт цөөнгүй гаргажээ. Манай орны газар нутгийн гурав хүрэхгүй хувь Сэлэнгэ аймагт ногддог боловч зүүн умард хязгаар дахь урсгал уст хөндийдөө улсын хэмжээний үр тарианы 55, төмсний 26.8, хүнсний ногооны 35 хувийг дангаараа хураан авч байна. Сэлэнгэ аймаг 17 сум, 49 баг, Сүхбаатар, Зүүнхараа, Хөтөл гэсэн орон нутгийн гурван хот, таван тосгонтой, 92 мянган хүн амтай. Сэлэнгэ аймаг социализмын үед анх атар эзэмшиж, сангийн аж ахуй олноор байгуулагдаж эхэлснээр Монголын өнцөг булан бүрээс шижигнэсэн залуус ажил амьдрал хөөн нүүн очиж, нэгэн өнөр бүлийг тэнд үүсгэжээ. Уугуул нь ч, суугуул нь ч ялгаагүй Сэлэнгийнх, энэ нутгийнхан хэзээнээсээ өөриймсүү улс ажээ. Тиймээс ч Дорнодын буриад Э.Бат-Үүлийг анх нэр дэвшихээр очиход танай, манай гэлцэн хүнийрхэж байсангүй.

2008 оны сонгуульд 61028 сонгогч бүртгэгдсэн боловч үүнээс 45 мянга гаруй нь санал өгсөн байх юм. Өдгөө УИХ-д Сэлэнгэ аймгийн иргэдийг Ардчилсан намын С.Баярцогт, Э.Бат-Үүл, Ардын намын О.Чулуунбат нар төлөөлөн ажиллаж буй. У ИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар Сэлэнгэ аймагт ногддог гурван мандатын тоо хоёр болж цөөрсөн. Улс төрийн намуудын дотоодод мандатын төлөөх өрсөлдөөн ил цагаан ширүүсэх болсон хэдий ч сүүлийн хоёр Парламентад АН-д илэрхий эергээр хандсан Сэлэнгийнхнийг 2012 онд сонголтоо эрс өөрчилнө гэдэгт МАН-ын горилогчид итгэхээс бэргэж байх шиг. Гэхдээ сонгуулийн марафонд бэлтгэл базаагсдын талаар нутгийн олон хэдийнэ гадарлах болжээ. Сонгууль болбол аль намын төлөө өгөхийг тандсан нэгэн бичил асуулгыг саяхан явуулсан байна.
Санал хэлсэн хүмүүсийн 60 орчим хувь АН-ыг нэрлэсэн аж. Харин МАН-ыг 30 гаруй хувь нь онцолсон байна. АН АН дотор Сэлэнгэд дэвшихийн төлөө Монголын улс төрийн чансаатай тоглогчдоор зүй ёсоор нэрлэгдэх С.Баярцогт, Э.Бат-Үүл хоёртой өрсөлдөж зүрхлэх горилогч алга бололтой. С элэнгээс УИХ-д гурван удаа сонгогдсон С.Баярцогт 2012 оны сонгуульд мэдээж “үүрнээсээ” дэвшинэ. Тэрбээр өнгөрсөн гурван жилд хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар ажиллахдаа сайныг ч, саарыг ч дуулав. Гэхдээ энэ нь нөлөө бүхий улстөрчийн нуруун дээр байдаг л ачаа. Дэгсдүүлж хэлбэл “чимэг” юм уу даа. Сайдаас нь огцруулах гэж нэг намын нөхөд нь хүртэл хөөцөлдөж үзсэн.
Улс төр, санхүү, эдийн засгийн амьдралд жин дарах мега төслийн анхны шан-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт 2012 оны сонгуулиар мөн л сайныг ч, саарыг ч сонсох биз ээ. Гэхдээ л Сэлэнгийнхэн нутгийн хүү Баярцогтдоо нэг их хир халдаахгүй, баараггүй тахимыг нь авахуулаад явуулах нь тодорхой биз ээ. Яагаад гэвэл, С.Баярцогтод МАН-ыг дэмжигсэд хүртэл талтай ханддаг аж. Э .Бат-Үүл гишүүний хувьд Сэлэнгийн АН-ын хороондоо нэр нөлөөтэй. Түүнийг 2012 онд эндээс нэр дэвшинэ гэвэл Улсын баатар газардахгүй нь лавтай. Харин өнгөрсөн нэг жилийн туршид АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгаар “гүйдэлтэй” болсон нь сонгогчдын дунд “хар” дэгдээгээд авчээ. АН-ын генсек зав л гарвал бэлэг сэлтээ базаагаад Сэлэнгэ тийш явамхай болсон бөгөөд түүнийг 2012 оны сонгуульд өрсөлдөхийн тулд нутаг сэлгэхээр шийдсэн юм биш биз хэмээн нутгийн иргэд сонжих болсон байна. Үүгээр зогсохгүй Э.Бат-Үүл баатрыг “Хэнтийд У.Хүрэлсүхтэй хүч үзэх гэнэ” гэсэн сураг ажиг ч гарчээ.
МАН Сэлэнгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН олонх болдог нь энэ намаас горилогчдын хувьд давуу тал байж болох юм. Тус намаас сонгогдсон УИХ-ын гишvvн О.Чулуунбатын рейтинг тариаланч түмний дунд тийм ч өндөргүй боловч МАН-ын “Атрын III”-ын хаялга түүнд оноо болох нь дамжиггүй. О.Чулуунбат дөрвөн жилийн өмнө Сэлэнгэд “Монголбанкны” гэх ажил хэрэгч тодотголоороо анхаарал татсан горилогч явсан. Банкир байсан түүнийг Сэлэнгийн сонгогчид парламентч болгосон хэдий ч О.Чулуунбат улстөрчийнхөө хувьд санхүүгийн ертөнцөд од байсан шигээ гялалзаж чадаагүй юм. С элэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай юм билээ. Тэрбээр Засаг даргаар ажиллах хугацаандаа иргэдийнхээ талархлыг чамгүй хүртэж яваа нэгэн аж.
Төрсөн нутгаа сонгуулийн түшиц болгохоор мачийж яваа шинэхэн горилогч бол МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл. Түүнийг харин нам нь АН-ын С.Баярцогт, Э.Бат-Үүл нарын “акулуудтай” өрсөлдөөд намдаа ялалт авчирна гэж төсөөлж харах эсэхийг таахад бэрх. ИЗ-НН ИЗН-аас 2008 онд П.Чинбат, С.Чулуунбаатар, Ч.Энхтуяа нар нэр дэвшжээ. Ёстой нөгөө “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэгч болсон боловч тэд өнгөрсөн сонгуулиар Сэлэнгийн сонгогчдод намынхаа сурталчилгааг чадах чинээгээрээ хийж чадсан гэх. Ирэх сонгуулиар ИЗ-НН -аас ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Г.Ганбатыг сойх бодолтой байгаа аж. Тэрбээр Сэлэнгэд дунд сургууль төгссөн бөгөөд ИЗ-НН -ын удирдлагын багийн гол тоглогч, намтартаа хар мөргүй нэгэн.
Б.Энхцхцэцэг